Thursday, September 20, 2012

Төгсөгчийн дурсамж /2008-2012/



            2008 онд бидний нөхөд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс төр судлалын тэнхим хэмээх сүрхий урт гуншин нэртэй гэр бүлд шинэхэн гишүүн нь болж элссэн юм. Улс төр судлалын шинжлэх ухаан бол монголд төдийлөн хуучин шинжлэх ухаан биш учир ийм гэр бүл байдгийг зарим нэг нь сайн мэдэхгүй байсан. Хүмүүсд ийм ангид сурдаг гэхээр тэгэхээр чи улс төрч болно гэсэн үг үү гэж  асуугаад тэгээд танайхыг төгссөн парламентчид байна уу хэмээн ам асуудаг байлаа. Тухайн үед тэнхимээ ч сайн мэддэггүй байсан учир иймэрхүү асуултанд амаа алгадуулаад л таг дуугүй болдог байж. Одоо бодоход арга ч үгүй юм даа манай тэнхимийн анхны төгсөлт 1997 онд төгссөн. Анхны төгсөгчид маань одоо дөнгөж гуч гаран насны хүмүүс байгаа. Гэхдээ юм цаг хугацаа өнгөрөх тусам боловсорч гүйцдэгтэй адил өнгөрсөн 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд манай тэнхимийг төгсөгч 14 эрхэм сонгуульд өрсөлдсөн дүн мэдээ байна. Энэ бол манай тэнхимийн хүч чадлыг харуулж байгаа нэгэн үзүүлэлт мөн болов уу. Нөгөөтэйгүүр мэргэжлээрээ судалгаа шинжилгээ хийдэг маш олон чадварлаг судлаачид төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудад ажиллацгааж байна.


Анхны сэтгэгдэл
            2008 оны 9-р сарын 1-нд анх тэнхимийнхээ барааг харж байлаа. Тэр өдөр нэг хөгтэй явдал болсноо энд бичье. Сургуулийнхаа нээлтэд оролцчихоод “төрөлх” хичээлийн II байран дээрээ ирж арай хийж тэнхимээ олон очтол эхний цаг А зааланд “Монголын түүх” орно гэсэн зарлал хадсан байлаа. Яг тэр үед хажууд нэгэн нүдэнд дулаахан орон нутгаас ирсэн боловуу гэмээр шинэ оюутан зогсож байсан нь одоо Америкад суралцаж байгаа манай Б.Елжас байсан юм. Бид тэнхимийнхээ үүдэнд танилцчихаад А заал хаана байдгийг мэдэхгүй учир хаана байдаг эсэхийг лавлахаар тэнхимийн үүдийг нээтэл нүдний шилтэй үс нь бага зэрэг бууралтсан нэлээдгүй имижтэй 45 орчим насны эрхэм нуруугаа үүрчихсэн зогсож байлаа. Бид 2 нэлээдгүй эелдэгээр мэдэхийг хүссэн зүйлээ асуутал ихэд ярвайгаад “мэдэхгүй ээ” гэж донжтой нь аргагүй хэлэв. Сүүлд тэр хүн бол Базараа багш байсныг нь мэдсэн юм. Базараа багш А заал хаана байхыг мэдэхгүй байна ч гэж байхгүй л дээ. Манай төгсөгчид Базараа багшийг шинэ оюутнуудтай яаж харьцдагийг мэднэ шүү дээ../инээв/ Тэгээд гайхаж балмагдсан 2 хайж явсаар 3 давхарт гартал та нар 1-р курсынх үү гээд А заалны үүдэнд зогссон оюутнууд асууж байна, тэгэхээр “тийм” гэсэн чинь “хүүе хурдан ороорой гээд бараг л араас түлхэх нь холгүй оруулчихлаа. Бид 2 ч хэзээний идэвхитэй нөхдүүд байсан учир тойрж явсаар хамгийн урд эгнээнд ширээ олоод суучихлаа. Тайзан дээр байгаа хүмүүсийг хартал урьд нь хэзээ нэгтээ харж байсан сахалтай найрагч зэрэг хэдэн хүмүүс сууж байлаа. Дэвтэр үзгээ зэхээд үг хэлж байгаа хүний хамгийн эхний өгүүлбэрийг бичтэл “Манай Утга, уран зохиолын тэнхим” болоод л явчихдаг байгаа. Анх ингэж 9 сарын нэгэнд тэнхим болоод багш, сургуультайгаа танилцаж байлаа.


            Багш нар
            Манай тэнхимийн бодлого их нарийн. Шинээр элссэн оюутнуудыг хамгийн эхэнд Базарпүрэв багшийн гараар оруулж сурагчийн сэтгэлгээнээс салгаж оюутан сэтгэлгээ суулгадаг. Биднийг нэгдүгээр курсд байхад анхны хичээл дээр Базараа багш: “та нар яах гэж энэ салбарыг сонгосон юм бэ, та нарт ажил олдохгүй, чадахгүй нь эртхэн амьдралаа бодсон нь дээр шүү” гэх мэт үг хэлж, манай ангийнхан бүгд сэтгэл санаагаар унаж байж билээ. Гэхдээ энэ үгийг сонссоны дараа манай ангийнхан хичээл номондоо шамдах нь эрс ихсэж, хичээлдээ бүгд маш их ач холбогдол өгдөг болсон юм.
            Манай ангийнхан нэг бодлын маш их азтай, нэг бодлын маш азгүй. Сургуулийн захирал Ш.Содном багшийн гарын үсэгтэй оюутны үнэмлэх авсан хамгийн сүүлийн оюутнууд бол бид. Мөн манай ангийнхан “Улс төрийн ерөнхий онол” хичээлийн лекцийг Содном багшиасаа сонсож байлаа.
            Нийт 133 кредит цуглуулахдаа олон сайхан багш нарын лекцийг сонсжээ. Мөн 2 тэнхимийн эрхлэгчийн нүүрийг үзсэн байна.  
            Өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зааж сургасан, амьдралын гарааг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш нартаа баярлаж, талархсанаа дахин дахин илэрхийлье.

            Эрдэм шинжилгээний хурал
            Манай тэнхимийн хувьд олимптой зүйрлэх нэгэн арга хэмжээ бол манай тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ” юм. Жил бүрийн хавар болдог энэ арга хэмжээнд ер нь ангийн хамгийн гайгүй, мундаг гэсэн нөхдүүд өөрийн мэргэшиж байгаа сэдвийн дагуу өрсөлддөг их сайхан уламжлалтай “зан үйл ” юм байгаа юм.  Манай ангийнхны хувьд 4 жил сурахдаа энэ хуралд бас чамгүй үзүүлээд авсан.
            2009 оны Хаврын эрдэм шинжилгээний хуралд ангийн анд Елжас бид 2 оролцож 2-лаа тусгай байр эзэлсэн юм. “Шинэков”-уудын хувьд энэ нь сүрхий том амжилт байлаа. Бас болоогүй манай Елжас эрдэм шинжилгээний хуралд хамгийн анх удаа англиар эрдэм шинжилгээний илтгэл тависан анхны оюутан хэмээн тэнхимийн түүхэнд тэмдэглэгдсэн юм.  Елжас бол бас манай ангийн бахархалууд нэг юм. Тэр маань Ховд аймгийн Ховд сумаас АНУ-ын Georgetown-ний Их сургууль, дэлхийд улс төрийн салбартаа Yale, Harward-ийг ардаа орхин нэгт жагсдаг Williams college хүртэл явж чадсан юм. Удахгүй Елжас маань сургуулиа төгсөөд эх орондоо ирнэ.
            Жил бүрийн Эрдэм шинжилгээний хуралд манай ангийнхан идэвхитэй оролцдог бөгөөд миний бие сүүлд мөрөөдлөө биелүүлж өөрийн бодож явдаг Улс төрийнхөө олимпод “Гутгаар” ангидаа түрүүлж байсан юм.
             Жил бүрийн наадмыг хүлээдэг шиг манай тэнхимийн оюутнууд жил бүрийн Эрдэм шинжилгээний хурлыг хоног тоолон хүлээж өөрсдийгөө бэлддэг билээ.
            Манайхны жишиг”
            Манайхны жишиг гэдэг нь бидний нөхдийн /2008-2012 оны төгсөгчид/ тогтоосон нэгэн жишиг юм.  Биднийг ирэхээс өмнө жил бүрийн намар танилцах үдэшлэг болдог бөгөөд бас тодорхой тогтсон “жаяг”-тай байлаа. Энэ нь үе үеийн 3-р курсынхэн танилцах үдэшлэгийг зохион байгуулдагийг хэлж байгаа юм. Бидний үе ирэхэд хуучин тогтсон нэг газар цугларчихаад, ширээ ширээгээр нь суулгаж, болсон болоогүй хөгжөөнт тоглуулж, архи дарс уудаг байсан жишгийг халахаар шийдсэн юм. Учир нь энэ арга хэмжээ жирийн үед “баар”-анд орж байгаагаас бараг ялгаагүй нэг нэг ширээн дээр сууж, танилцсан ч зүйлгүй бие бие рүүгээ баахан муухай харж анги ангиараа суусаар байгаад дуусдаг тийм арга хэмжээ байлаа.
            Бид энэ арга хэмжээг танилцах үдэшлэгээс “Танилцах өдөрлөг” болгож өөрчилсөн юм. Анх сургуулийн захиргаа, өөрийн тэнхимийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй учирч байсан боловч манайхан нууцаар хийж чадсан юм. Бүхэл бүтэн 2 өдрийн турш тэнхимийн бүх ангиуд хамтдаа салхинд гаран, нэгээс дөрөвдүгээр курсын оюутнуудыг анги ангиар нь биш хольж хувиарлан “холимог” баг үүсгэн хооронд танилцуулж жинхэнэ нэг тэнхим шиг танилцуулдаг болсон юм. Эргээд харахад энэ санаачилсан арга хэмжээ маань их үр дүнгээ өгч тэр 2 өдөр хадгалагдсан уур амьсгал цаашдаа олон жил үргэлжилж манайхан хоорондоо анги, курсын ялгаагүй нөхөрлөх болсон юм. Цаашдаа дүү нар маань энэ “зан үйл”-ийг хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин тэнхимийн эрхлэгч, багш нар маань дэмжиэд өгөөрэй. /инээв/

“Дурсамжийн төгсгөл”
Ёстой нэг л мэдэхэд гэдэг шиг нэг л мэдэхэд төгсчихөөд өнөөдөр дурсамжаа бичээд сууж байна. Их сургуулийн дөрвөн жил ахиад олдохгүй тийм л сайхан дурсамжийг бидэнд үлдээжээ. Саяхан л бие даах төвийн хаах цаг болчихоод байхад гүрийж суугаад Өлзий эгчид гэрэл унтраалган байн хөөгдөж гарж байсан нөхөд өнөөдөр дээд боловсрол эзэмшин өөр өөрийн хүчээр нийгэмдээ хүчээ өргөөд явж байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам манай тэнхимийн үнэ цэнэ мэдэгдэх болно. 60, 70-хан жилийн виз-тэй энэ ертөнцөд ирсэн надад хэрхэн яаж амьдрах аргыг олгож өгсөн цөөхүүлээ боловч олуулаа, олуулаа боловч цөөхүүлээ энэ гэр бүлдээ би, бид хайртай.
Үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид,одоо сурч байгаа дүү нартаа Улс төрийн тэнхимийнхээ 45 жилийн ойн мэндийг хүргэе.

5 comments:

  1. Hi. enehuu bichver temdeglel dursamjiig unshchaad uuriin setgegdelee uldeelgui butsna gdg buduuleg xereg bolno bhaa. bichver mash ih taalagdlaa. olon sanaag bichverees n ablaa. manai angi taniltsah udurluguu zohion bguulahaar xicheen ajillaj bgaa. ene ajil maani goy bolno gdgt bid itgeltei bgaa. ene mergejleer surcc bgaadaa minii bie ih bayrladag. amjilt xusie

    ReplyDelete
  2. баярлалаа...чамд бөгөөд танай үеийнхэнд бүгдэнд нь амжилт хүсье

    ReplyDelete
  3. Hi tanii temdeglel setgel hodlogom sanagdlaa.[ylanguya Bazraa bagshin heseg]xexe.Yg ter taniltrsah odrologoor taniig ehleed harj bsn yum.Ter uyd huwaj bsn bagiin tani gishun bolj ta mon ch gaigu ah shig sanagdaj bilee.Tuunes hoish uy uy hardag bolsnoo nuuh yun bilee.Hiij yrij bgaa buhen tani l setgeld hureh bolson.Taniig ah hunii huwiar hundelj bs hondlongiin hunii nudeer taniig ihiig hiij buteeh husel moroodoltei mongol zaluu hun gj itgedeg shuu.Odoo baigaa amjiltaa dawan biyluulj Mongol ih gurnee osgon deeshluuleh shudraga ysiig togtooj Ylsiinha toloo unencher zutgeeseil gj husej bn.Hamgiin gol ni taniig busadtai adil ylzrahwii het tuilshramtgai boloh wii gehees emeeh um. Odoogiin baidliig tani harahad het nam gj tuilshrah bolson shg sanagdah um[minii buruu ch bj magad] Ymartai ch tanid zugeer l uram ogoh gsn um.Nada ch mon Mongol undestnee bosgon baiguulj oorchloh ih husel bii.Hezee negen tsagt ter husel mani biylne gj itgedeg.Tuunihe toloo odoo ch hichej bga.Ymartaich ta zaluu huni erch hucheerei aliwaa zow buruug tungaan bodoj zow itgel unemshiltei l bgasai oorinhoo erh ashgiig bus ooroolin[ard tumnii] tusiin toloo zutgeesi gj husej bn.Amjilt husii !!!

    ReplyDelete
  4. 8 жилийн дараа дахиад уншлаа. Базараа багштайгаа нэг уулзмаар санагдлаа. хамгийн эхний явцын шалгалтыг Базараа багш авч 00 оноо өгч билээ. Блогоо бичихээ бүр больжээ ккк,

    ReplyDelete