Wednesday, March 11, 2015

Mardi Gras

Өнгөрсөн 7 хоногт намайг Сиднейд ирэхэд нэгэн томоохон арга хэмжээ болж байсан бөгөөд энэ арга хэмжээ миний сонирхлыг маш ихээр татсан юм. Орчин үеийн нийгмийн хөгжилд олон шинэ содон зүйлс, чиг хандлагууд бий болоод байгаагийн хамгийн том нь хүн төрөлхтний бэлгийн чиг хандлагад гарч байгаа өөрчлөлт билээ. Энэ том өөрчлөлтийн маш том арга хэмжээ болох Mardi Gras-ийн талаар өөрийн үзэж харснаа хуваалцъя.
Анхлан Сиднейд ирж байгаа надад юм бүхэн нь сонин сайхан байлаа. Тэр дундаа 6 өнгөнөөс бүрдэх өнгөлөг туг хаа саагүй өлгөөтэй байх нь миний сонирхлыг татаж Австралын тугнаасаа илүү их өлгөгдсөн энэ туг ямар учиртай юм бэ гэж намайг тосч авсан хүнээс асуутал “энэ бол ижил хүйстнүүдийн туг” гэж хариулахад бүр ч их гайхав.
...Намайг Сиднэйн төв хэсэг рүү алхаж ороход төв замуудыг хааж, зам дагуулан хаалт босгосон байсан бөгөөд хаалтыг дагаад олон мянган хүн цугларч, энд тэндгүй сонин содон хувцас өмссөн, үлгэрийн баатруудын дүрд хувирсан хүмүүс, тэр ч битгий хэл зарим нь зөвхөн дотоожтойгоо явж байлаа. Тэнд цугларсан бүх хүмүүс баяр ёслолын байдалтай бие бие дээ “Happy Mardi Gras” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлцгээж байв. Аз болоход манай австрали найз хотын төвд байрлах өөрийн ажлын өрөөнөөсөө парад үзэхийг урисан байсан нь парадыг дээрээс алган дээрээ тависан мэт харах боломж олдсон юм.
Парадын эхэнд нутгийн уугуул иргэд болох Аброген гаралтай ижил хүйстнүүдийн төлөөлөлөл гарч ирэхэд бүгд FIRST AUSTRALIANS хэмээн асар их хүндэтгэл үзүүлэв. Залгуулаад парадыг үүсгэн байгуулагчид, улс төрийн дэмжлэг үзүүлдэг улс төрчид, орон орны төлөөллүүд, төрийн байгууллагууд болох цэрэг, цагдаа, эмнэлэг, гал командад ажилладаг ижил хүйстнүүд өөрийн дүрэмт хувцастайгаа гарч ирэхэд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Удаалаад спортын ЛГТБ тамирчид, мөн хувийн томоохон пүүс компаниудын ажилтан албан хаагчид тус тусдаа өвөрмөц хувцсаар жигдрэн, бүжиглэх нь бүжиглэж, сонин содон үзүүлбэр үзүүлэх нь үзүүлж парад агшин бүртээ сонирхолтой үргэлжилж байв. Бас нэг сүрдмээр сайхан байсан зүйл нь Ижил хүйстнүүдийн мото клубын чопперчид, байкеруудын цуваа сэтгэл огшоом байлаа.
Манай ЛГТБ иргэд улс орондоо энэ чиг хандлагаа нууж хааж, нийгмээсээ санаа зовж амьдардаг харин энд тэд үүгээрээ бахархаж байна. Нийгэм нь тэднийг хүлээн зөвшөөрч манай компани тэдэн ижил хүйстэн ажилтантай гэдгээ нийгэмдээ гайхуулан бахархаж, бүх албан байгууллагууд, худалдааны газрууд ЛГТБ далбааг хатган хүндэтгэл үзүүлж хот тэр аяараа Mardi Gras-аар амьсгалж байв. Парадыг үзээд зогсож байхад монголд амьдарч байгаа 6000 гаруй ЛГТБ залуусын төлөөллийг ирэх жилийн парадад оруулахад нь туслах юмсан ч гэсэн бодол зурс хийж байв. Энэ чинь хүний эрх шүү дээ. Бид нэг нэгнийгээ ойлгох хэрэгтэй.
Эцэст нь уг арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөд Mardi Gras жил бүрийн 2-р сараас  3-р сарын эхний долоо хоногийн Бямба гариг хүртэлх хугацаанд  зохион байгуулагддаг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн лесби, гей, транс жендер, бисексуал хүмүүсийн хамгийн том фестивал юм. Энэ бол ижил хүйстнүүдийн хамгийн том баяр.
Фестивал хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
-       Нийтдээ 300.000 гаруй мянган хүн оролдцог парад
-       Урлаг, соёлын арга хэмжээнүүд
-       Жижиг, том үдэшлэгүүд
-       Машины уралдаан, слортын арга хэмжээнүүд
-       Эрдэм шинжилгээний хурал
-       Академик хэлэлцүүлгүүд багтана.
Энэхүү фестивал нь 1979 оноос өнөөдрийг хүртэл нийт 36 жилийн хугацаанд зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх Оксфордын гудамжинд 500-аад ижил хүйстнүүд цугларч өөрсдийн чиг хандлагаа нийтэд зарласнаар энэхүү фестивал жил болгон ЛГТБ хүмүүсийн өөрсдийн эрхээ тунхаглаж, дэлхий нийтэд чангаар зарладаг бахархлын арга хэмжээ болсон юм.
Парадад оролцохоор болон үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган жуулчид ирдэг нь эдийн засгийн хувьд олон олон сая долларын ашгийг улс орондоо авчирдаг байна.
Заа тэгээд бүгдээрээ энэ хөгжилтэй орнууд шиг нэг нэгнийхээ сонирхлыг хүндэтгэж сурья гэж уриалаад энэ бичлэгээ жаргаая.













Б.Пүрэвдагва

2015.03.11 Австрали улс, Сидней хот 

Wednesday, September 10, 2014

Амьдрал эхлүүлж байгаа , эхлүүлэх гэж байгаа бүх найз нар, дүү нартаа 

Бидний амьдрал бол тэр чигээрээ хамтын амьдралын түүх юм. Энэ бүхний суурь шалтгаан нь хайр юм. Бид хайрын мөн чанарыг сайн мэддэггүй, ойлгоогүйгээс болж гэр бүл салалт, хардалт, өс хонзон бий болж мөн хосууд бие биенээ зовоож, нэгнээ хэмлэж амьдралыг бардаг. Амьдралд ийм бараан жишээ захаас нь эхлээд дурьдахад маш элбэг.

Хамгийн эхэнд "хайр бол дээд зэргийн хүлээн зөвшөөрөлт юм."

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн л бол хүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүнд маш олон хэрэгцээ байдаг бөгөөд энэ бүхнийг хувь хүн ямар нэгэн байдлаар хангаж ирдэг. Тийм ч учраас хүн болгонд өөр өөрийн гэсэн түүх байдаг. Хамтын амьдрал зохиож, хамт амьдрахаар шийдэж байгаа хосууд энэ түүхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамтын амьдрал 3-3 жилийн давтамжаар "цикл" маягаар үргэлжилдэг. Энэ давтамжийн уналтын үед юу тохиолддог вэ гэхээр хүн өөрийн мэдэлгүй өмнөх ганцаар амьдарч байсан хэмнэл, дадал зуршлаа санагалзаж эхэлдэг. Мэдээж энэ бүхэн нь хамтын амьдралын хэв маягтай зөрчилдөж эхэлж, нэг нэгнийхээ өмнөхийг ухаж бие биенээ хардаж эхэлдэг байна. Энэ давтамжийг давж чадаагүй нь ялагдаж, давж чадсан нь ялагч болдог.

Хайр бол дасан зохицох процесс. Ер нь чиний эхнэр, нөхөр, найз залуу, найз охин чиний сэтгэл зүрхэнд үнэ цэнэтэй байвал хэнд ч хэн ч байж болно. Гол нь чамд л хамгийн үнэ цэнэтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бид хүний нүдээр дэргэдхээ харж өөлж гоочилж, хардаж бие биенээ гомдоодог. Зөвхөн өөрийн сэтгэл зүрхний үнэ цэнээр л тэр хүнээ хайрла.

Хайр бол субьектив. Гэхдээ гол баталгаа нь обьектив юмаа. Энэн дээр бид бас алддаг. Бид хэтэрхий субьектив байдаг. Жишээ нь би түүнд хайртай гэж амаараа хэлж, тархиндаа боддог боловч, яг амьдрал дээр тэрийгээ обьектив байлгаж чаддаггүй, хайртай гэдгээ батлахад шаардлагатай халамж, сэтгэл, түүндээ үйлчлэх зүйлүүдээ биелүүлж чаддаггүй, зүгээр л тархиндаа бодчихдог. Бодох хангалтгүй, хийж гүйцэтгэ. Яг л ажлаа хийдэг шигээ.

Юм бүхний эхлэл хүн өөрөө, юуг яаж хүлээж авч байгаа нь хамгийн чухал. Хамтын эхлэл эхлүүлсэн хувь хүн өөрийнхөө хүслээр биш та 2 өөрсдийн хүслээр амьдар. "Өөрийн биш өөрсдийн"

Хүн ер нь жаргах гэж амьдардаг учраас бие биенээ битгий зовоо, бие биенээ гомдоохоор үг хэлэх гэж байгаа бол хэлээ хаз. Өнгөрснөө биш, одоогоо үнэлж амьдар.

Уучил, хүлээн зөвшөөр, бие биендээ итгэ, хайрла, жаргацгаа !

Б.Пүрэвдагва

Tuesday, May 27, 2014

Үргээлэг



Фижигээс ирээд хийх зүйлсийн жагсаалтад "Үргээлэг" киног үзэх дээгүүрт бичигдэж, жагсаалтын дагуу өнөөдөр Өргөө 2 кино театрт үзлээ. 

Монголын кино урлаг бидний шүүмж, магтаалыг үл харгалзан аажим аажмаар ахисаар байна. Үргээлэг бол нэг нотолгоо нь байлаа.
1. Дүр сонголтууд дажгүй болжээ. Зарим киног үзэхэд жүжигчнийх нь өмнөөс энэ хэсгийг хэрхэн дүрслэх вэ гэж санаа зовдог бол Үргээлгийг үзэхэд огтхон ч жүжигчний жүжиглэлтэд хяналт тавихгүйгээр зохиолых нь дүрээр шууд буулгаж авч байв. Нэг үеийн хэдэн сайхан жүжигчид жимсээр бол боловсорч гүйцээд жигтэйхэн амттай болжээ. Энэ хэд олон жил, олон уран бүтээлээр үзэгчид бидэнд өөрсдийн амтыг мэдрүүлэх байхдаа. Зарим нэг нь Холливууд руу явсан сурагтай.

2. Санаа нь загтнасан газар майжлаа. Дэлгэцэнд гараад нэлээд удсан учир тус киног үзсэн хүмүүсээс бага сага сэтгэгдэл, киноны агуулгын талаар асууж бага хэмжээний ойлголттой болоод байсан юм. Цагаачлал, урд хөршөөс орж ирж байгаа ажилчдын талаар хэрхэн хөндөх бол гэсэн хүлээлттэй сууж байсан миний хувьд их зөв талаас нь "энэ нөхцөл байдал бол байнга харааж, үзэн ядаад байдаг хятадуудаас биш, биднээс өөрсдөөс шалтгаалаад байна" гэдгийг үзсэн хүмүүсд ойлгуулахаар хийжээ.
Нөгөө талаас бидний нэг гэж байнга өөрсдийгөө бодож Улаанбаатар рүү сэтгэл чагнаастай байдаг Өвөр Монголчуудын хандлагыг ганц 2 дүрээр зурвасхан боловч тодорхой дүрсэлжээ гэж харагдаж байлаа. Өвөр Монголчууд үзсэн ч, Хятадууд үзсэн ч хаа хаанаа тийм ч таагүй сэтгэгдэл төрөхөөр биш хэм хэмжээг нь дажгүй тааруулсан байна.

- Кино дуусаад гарах гэж байтал хажууд суусан 2 залуу: Цул алдаа, хэзээ манайхан детал алдаагүй кино хийнээ гэж толгой сэгсэрч байх юм. Косметик алдаа яахав ээ та минь, Монгол кино хөгжиж байна !

Монгол кино агуулгатай, тархи руу өгөх туяатай болсонд битүүхэндээ баярлаж сууна. Хэн нэгнийг харанхуй хардаж, зүхэж байснаас өөрсдийгөө эхлээд сайн танъя! Би ч гэсэн.,

Хэсэгтээ бүсээ чангалах нь дээ ах дүүс минь



          90-ээд оны дунд үеийн гэр бүлийн хүнсний хэрэглээний гол худалдан авагч, хүнсний худалдаанд идэвхитэй оролцогчид бол хүүхдүүд байсан. Тэр үед том том супермаркетууд ховор байлаа, 7 хоногоор нь сараар нь хүнсээ цуглуулах тэнхээтэй санхүүтэй гэр бүл ч ховор байсан байх.
         Өдөр тутмын хоолны материалыг өдөр өдөрт нь булангийн дэлгүүр, түцнээс цуглуулдаг тийм л үе байсан.Тийм ч учраас манай үеийнхэн мэднэ дээ Будаатай хоол хийх гэж байгаа бол будаанд гүйдэг, гоймонтой хоол хийх гэж байгаа бол 150-ын уурагжуулсан монгол гоймондоо гүйдэг, заа тэгээд сонгино давс, талх гээд л дэлгүүрийн эгчтэй найзалдаг, гэр бүлээ хүнсээр хангадаг лут амьтад байлаа шүү дээ.

           Одоо их юм өөрчлөгджээ. Хүнсээ бөөнд нь цуглуулах чадвартай гэр бүл нэг үеээ бодвол олон болсон, худалдааны төв, супермаркетуут ч олон болж.
           

Энэ жил бүр их юм өөрчлөгдөж байна. Тор тороор нь хүнсээ цуглуулж болоод байсан нийтлэг давхарга буцаад өдөр өдөртөө хүүхдээ дэлгүүр рүү гүйлгэдэг үе рүү буцах зам руу хазайжээ. Өнөөгийн эдийн засгийн байгаа царай ийм л зүг рүү мөр гаргаж байна.
Хамгийн хэцүү нь бид нарыг хүүхэд байхад талх 250, кг гурил будаа тэд гээд бүх юм тодорхой, 2 талх авах гэж байгаа бол 500 төгрөг хармаалаад гүйгээд 2 талхаа л аваад орж ирдэг байсан. Өнөө үед тодорхой үнэ гэж байхгүй болжээ. Талхны өнөөдрийн үнэ маргааш ч өөрчлөгдөх, бүр өнөөдөр үдээс хойшдоо ч өөрчлөгдөх магадлалтай тийм нөхцөл байдалтай болсон байна. Манай эдийн засагт тодорхой, тогтвортой зүйл гэж үгүй болж дээ. Хэсэгтээ бүсээ чангалах нь дээ ах дүүс минь...

Sunday, January 20, 2013

Төрийн хамгаалалтанд өнгөрсөн 3 цаг

      



         Эр хүн туг ч барина, Тугал ч хариулна гэж.....
         Миний бие үүрээр сархад үнэртүүлэн хүлэгээ жолоодсоор Баянзүрх дүүргийн газар нутагт Замын цагдаад баригдав. Дүрэм зөрчсөнөө мэдсэн ч замын цагдаатай үг хэлээ ололцож асуудлыг тэрүүхэндээ шийдэх санаатай буутал замын цагдаа нэлээд пээдгэр журмын хашаа, жолоо барих эрх тэргүүтнээр шалтгаглаж байгаад овоо хэдэн төгрөг салгаад авах санаатай байгаа нь анзаарагдав. Гэнэт зөрүүд зан хөдлөж ямар хэв журам байдаг юм тэрүүгээрээ шийд гээд хэлж орхив.
        Төд удалгүй ачигч машин ирж машин ачаад аваад явах нь тэр. Харин би төрийн дохиотой алаг машинд суун Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд ирэв. Үнэндээ бол би согтуу байгаагүй, үлээдэг  юмыг нь үлээгээд ч 0,5 гэсэн заалтанд хүрэхгүй тийм л байсан. Энд авчирж байгаа нь шар нь хүрсэн дэслэгчийн хийж байгаа ажил л даа. Уг нь суухгүй яваад өгөх боломж байсан ч ер нь нэг эрийн хугархай байна ямархуу газар байдгийг үзмээр санагдав. Олон үг ярилгүй халаасандах эд материалаа бүртгүүлэн Замын цагдаагийн дэслэгчээс Эрүүлжүүлэх байрны цагдаа нарт шилжиж төрийн хамгаалалтанд оров.
        Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байр 40 хүн хүлээн авах чадалтай аж. Нэг ээлжиндээ жижүүрт 4 цагдаа гардаг. 24-48 гэсэн цагийн зарчимтайгаар ажилладаг ч 4 цагдаа нь шөнөдөө бас 2, 2-оороо ээлжилж бие биенээ амраана. Арай ахиу цолтой цагдаа нь компьютерийн ард сууж чухам YOUTUBE сайтыг "гашраана". Чухам бүр үзэхгүй юм алга. Арай бага цолтой нь камеруудаа эргэнэ.
        Цагдаа ах ярьж байна: Бид ч тэгээд насаараа ийм маягтай амьдарсаар дуусах хүмүүс дээ. Цалин хангамж муу, дарамт ихтэй, ажлын нэр хүнд муутай. Цагдаа нар ингэж л байдаг гэсэн юм шиг бидэнд хандах юм байна шүү дээ. Салбарын дарга нар нь ажлын орчин нөхцөл мэдэхгүй хүмүүс ирэх юм. Яана даа гэж зовлонгоо хуваалцав.
        Нээрээ л харахад гялайж хиртсэн хар хослол, тааруухан өвлийн гутал, хэзээ угаасан нь мэдэгдэхгүй тослогтсон үс зэргээс нь өнгөц харахад ар гэрээ хэрхэн яаж авч болгодог болдоо гэсэн бодол төрөв.
        Төд удалгүй 3 камерийн нэг нь рүү нь намайг оруулав. Бүгдэнтэй нь мэндэллээ. 19-42 насны 7 сайн эртэй нэг камерт оров. Өглөөний 06 цаг өнгөрч байсан учир ихэнхи нь нойроо авч, гайгүй эрүүлжиж юм ярихтайгаа болцгоожээ. Би өмнө нь согтуу хүмүүсийг л эрүүлжүүлэхэд хонуулдаг юм байна гэж боддог байсан боловч хэд хэдэн залууг хараад тэр бодол минь өөрчлөгдсөн юм. Цагдаа нарын хувийн шийдвэрээр хэлс маягаар орж ирсэн нөхөд  бас нилээд байдаг юм билээ.
        Ороод нилээд ярилаа. Яаж байгаад орж ирсэн, юу хийдэг гээд л....

Эрүүлжигч 1:   26 орчим настай. Армийн ахлагч.

        Эхнэр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Миний ойлгосноор бол нийтийн байр юм шиг байгаа юм. Сархад нижгээдийг хүртэж түрээсийн умгар өрөөндөө дуу дуулж байтал байрны эзэн эмэгтэй цагдаа дуудаад өгчихөж, "Намайг зүгээр дуулж байхад ингэж болохгүй" гэж  жаахан агсармаар аядтал "жүүлэх"-д аваад ирсэн гэж хөнгөхөн гунигтай инээмсэглэж бидэнд хэлэв. Үргэлжлүүлээд "өнөөдөр яанаа Портер аваад бараг очсон нь дээр байхдаа манай юмнуудыг гаргаад тавьчихсан байх, сар шинэ болох гэж байдаг, хүүхэд нялх" гэж дуугүй бодлогошрон суув.
       Манай үеийн залуучуудын хувьд орон байрны асуудал хамгийн хүндрэлтэй. Эр хүн байна даа гэр бүл зохиоё, хайртай бүсгүйтэйгээ сууж, олон хүүхдийн аав ээж болж өнөр өтгөн, аз жаргалтай амьдрая гэтэл авдаг цалингаа орон сууцны үнэтэй харьцуулаад үзэхэд гол харлам дүр харагдана. Нөгөө камертоны дуу байдаг ш дээ:
                          Халаасандаа мөнгөгүй явахад салхи хүртэл жихүүн
                           Хайртай ч гэж хэлж чадахгүй би гэдэг өчүүхэн....

Эрүүлжигч 2: 39 настай, Нарантуул захын хивсний тасгийн ажилтан

       Ах бол яалт ч үгүй гудамжинд тас үсрээд ороод ирсэн байгаа юм. 2 дахь эхнэртэйгээ одоо хамт амьдардаг. 2 охинтой. Хааяа хааяа балгачихдаг. Нүдэнд нь жаахан хулгайн хор гүйчихсэн, залуувтар атал нүүрэнд суусан үрчлээ, цөм үсэрсэн үүдний 2 шүд нь зүгээргүй амьдралыг нь харуулна.
      Энэ үеийн хүмүүс 2 системийн шилжилтэд хөл алдаж, ихэнхи нь хэцүүхэн амьдралтай байгаа нь анзаарагддаг. Гэхдээ ах зүгээр суудаггүй хөдөлмөрлөдөг нь таалагдсан.

Эрүүлжигч 3:    35 орчим настай, Дарханд ямар нэгэн ажил хийдэг.

           Хамгийн хэцүү фигур. Эхнэр хүүхдээ Улаанбаатарт орхиод Дарханд 5 сар ажиллачихаад ирэхэд эхнэр нь өөр хүнтэй суучихсан байсныг мэдсэн өдрөө тасартлаа уун "жүүлэх"-д надтай уулзсан нь энэ. 
            Эр хүний тийм нэг тунирхал, гомдол бас харуусал нэвт үнэртэж байлаа. Байсхийгээд л П үсгээр эхэлсэн хараал хэлэн, "яагаад вэ", "одоо яах вэ" гэж уулга алдана. "Би тэрийг нь одоо гараад алчихаад шоронгоор амьдарна" эсвэл "алчихаад амийг нь хорлоно" гээд л... Бас их цайлган ч юм хэлнэ: "Би Дарханд ажиллаж байхдаа үхэр "янзлаад" өвлийн идэш бэлдэж өгсөн тэрэнтэйгээ хамт идчихсэн байгаам даа" сонсоход жаахан инээдтэй ч, тэр хүнийг гэсэн сэтгэлийг уландаа гишгэсэн тэр эмэгтэй бас тэр 2 дахич эрийг дотроо үзэн ядаж суулаа. Бас бардам монгол эрийн хугархай, "Машинаа аваачиж өгөөд та 2 унаарай гээд өгвөл сүртэй юм уу" ч гэж хэлж үзэв.
          "Эр хүний  "тийм нэг" гомдсон сэтгэл...Хамгийн хүнд сонсогдсон нь ховорхон гаргадаг эр хүний нулимсаа дуслуулан "би дахиж хүн хайрлаж чадахгүй" гэж хэлсэн хэдэн үгс...
         5-хан сарын дотор 2 сайхан залуу хос салж байгаа нь харамсалтай ч энэ 2-ын дундаас төрсөн нэг бяцхан үрийн ирээдүй дэндүү хөөрхийлөлтэй...
         Хамгийн сайхан санагдсан нь тэнд байсан олон сайхан эрс хэсэгтээ анхаарлаа "эрүүлжигч 3" руу хандуулж хувь хувьдаа санаа зовнин өөрсдийн бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгч байлаа.
          Одоо энэ минь яаж явдаг юм болдоо.....


Эрүүлжигч: 4     25 орчим настай, Хувийн машинаараа "халтуур" хийдэг.

      Нөхөр найзтайгаа зодоон хийж байгаад хамт орж ирсэн. Найз нь бидэнтэй хамт байсан ч ганц үг ган хийдэггүй, "жүүлэх"-д орж ирсэндээ өөртөө харамсаад байгаа нь анзаарагдсан.  Нөхөр өөрөө бол их аманцар.
       Эхнэр хүүхэдтэй. Гэхдээ эхнэртээ тийм ч хайртай биш. Юунаас анзаарсан бэ гэвэл "эрүүлжигч 3"-ыг зовлонгоо ярьж байхад "манай "авгай" тэгээсэй тэгвэл би ёстой азны юм гээд л хаяад явна"  гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би "хүүхэдтэй юу" гэж асуухад "хүүхэдтэй" гэж хариулав. Ай хөөрхий нэг нь тэнд хайрт ханьдаа мэхлэгдэж тарчилж байхад нөгөө нь энд тээршааж байх гэж. Алдаж байж л ухаарна даа залуу минь гэж дотроо бодов.
      Анзаарахад эхнэртэйгээ их эрт суусан бололтой тэгээд л залхаж салахын хүслэн болсон юм уу даа гэж харагдав. Залуус минээ нэгэнт сонголтоо хийж дэр нэгтгэсэн бол өөр зүйл бодолгүй тууштай амьдарцгаагаарай. Ялангуяа үр хүүхэдтэй болцгоосон бол эв эе, үнэнч шударгыг хичээж үзээрэй та минь.

Эрүүлжигч 5:    25 орчим  настай,  Машины дугуй засдаг.

         Мань эр бол таксинд шээсэн гэмтэй, үнэндээ бол тасарчихсан л байсан юм билээ. Бид хэдийг хамгийн инээлгэсэн хүн. 
            Өглөө 9 цагийн үед эхнээс нь гаргаж эхэлж байхад камерийн төмөр торны дэргэд жижүүр цагдаа нэг эрийг дагуулж ирэнгүүтээ манай "шээдэг" эрийг дуудаж за нөгөө таксиний чинь жолооч ирлээ уулз гээд торны цаана үлдээгээд явав. Манай хүн босоод очтол нөгөө жолооч нөхөр "Таксины мөнгөө авъя" гэж авдаг байгаа. Бид нар наана саваад уначихсан. Ганц тамхи олоод татчих юмсан гээд сууж байсан эрүүлжүүлэхэд хоносон хүнээс юуг нь авахав дээ. Тэгээд өглөө 9 цагийн үед их хэрэг болгож ирсэн, жолоочийн гаргаж байгаа царай, үйлдэл зэрэг нь инээд хүргэж элэг хөшөөх шахав.

               Манайх хүн их сэргэлэн нөгөө жолоочид хэлж байгаа юм: Чи эхлээд хэдэн ширхэг тамхи авчирж өгөөд миний эрүүлжүүлэхийн 5000 төгрөгийг төлөөд гаргачих тэгээд би гараад өгье" гэсэн чинь гөнөөх жолооч "Үнэн үү? "  :)))))))


                   
                  гэх мэтчилэн янз бүрийн эрчүүдтэй өглөөг угтав. Сайхан зүйл ярилцацгааж, хоорондоо танилцаж хаана ч байхгүй тийм нэг муухай биш уур амьсгалыг үүсгэж цаг өнгөрч байгааг ч мэдэлгүй байсаар аль хэдийн 180 минутыг өнгөрөөжээ. Гарахдаа цагдаа нарт учирлаж байгаад үлдсэн хэддээ тамхи тариа, ус ундаа оруулж өгөв. Манай хэд бөөн баяр, хамгийн сайхан нь бүгдээрээ дараа ийм муухай газар уулзахгүй шүү, өөр сайхан газар уулзацгаая гэж манай нөхөд хэлэв. Тиймээ бүгд тус тусдаа бодсон санаснаа бүтээж, байж болох хамгийн сайхан газар эргээд баяртай уулзацгаая нөхөд минь ! 


                                                                                                                     Б.Пүрэвдагва



Monday, November 5, 2012

Яг хөгжим шиг амьдрахсан



Яг хөгжим шиг амьдрахсан
Ялгаварлаж хэн нэгнийг гадуурхахгүй
Ямар байдаг тэр хэвээрээ
Яруу бас эрхэмсэг

Яг хөгжим шиг амьдрахсан
Ясанд тултал өвтгөж чаддаг
Янаг хайрыг мэдрүүлж чаддаг
Ялгуун бас сүрдмээр

Яг хөгжим шиг амьдрахсан
Хагацаж салж зовоохгүй
Хамтдаа үнэнч байж чаддаг
Хайрламаар бас дурламаар

Яг хөгжим шиг амьдрахсан
Сайхан бүсгүйчүүд өөртөө татаж
Сарнишгүй сайхнаа цуцашгүй мэдрүүлдэг
Садар бас  самуун

Яг хөгжим шиг амьдрахсан
Өш санаж хэн нэгнийг занахгүй
Өөрийнхөө өнгөөр эгшиглэж л байдаг
Өөгүй бас энэрэнгүй

Яг хөгжим шиг амьдрахсан
Ядарсан нэгэнд итгэл төрүүлж
Ялзарсан тархинд ухаарал хайрладаг
Гэгээлэг бас өгөөмөр

Яг л хөгжим шиг амьдрахсан...

                                                       2012.11.06    02 цаг 10 минут




Thursday, September 20, 2012

Төгсөгчийн дурсамж /2008-2012/



            2008 онд бидний нөхөд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс төр судлалын тэнхим хэмээх сүрхий урт гуншин нэртэй гэр бүлд шинэхэн гишүүн нь болж элссэн юм. Улс төр судлалын шинжлэх ухаан бол монголд төдийлөн хуучин шинжлэх ухаан биш учир ийм гэр бүл байдгийг зарим нэг нь сайн мэдэхгүй байсан. Хүмүүсд ийм ангид сурдаг гэхээр тэгэхээр чи улс төрч болно гэсэн үг үү гэж  асуугаад тэгээд танайхыг төгссөн парламентчид байна уу хэмээн ам асуудаг байлаа. Тухайн үед тэнхимээ ч сайн мэддэггүй байсан учир иймэрхүү асуултанд амаа алгадуулаад л таг дуугүй болдог байж. Одоо бодоход арга ч үгүй юм даа манай тэнхимийн анхны төгсөлт 1997 онд төгссөн. Анхны төгсөгчид маань одоо дөнгөж гуч гаран насны хүмүүс байгаа. Гэхдээ юм цаг хугацаа өнгөрөх тусам боловсорч гүйцдэгтэй адил өнгөрсөн 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд манай тэнхимийг төгсөгч 14 эрхэм сонгуульд өрсөлдсөн дүн мэдээ байна. Энэ бол манай тэнхимийн хүч чадлыг харуулж байгаа нэгэн үзүүлэлт мөн болов уу. Нөгөөтэйгүүр мэргэжлээрээ судалгаа шинжилгээ хийдэг маш олон чадварлаг судлаачид төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудад ажиллацгааж байна.


Анхны сэтгэгдэл
            2008 оны 9-р сарын 1-нд анх тэнхимийнхээ барааг харж байлаа. Тэр өдөр нэг хөгтэй явдал болсноо энд бичье. Сургуулийнхаа нээлтэд оролцчихоод “төрөлх” хичээлийн II байран дээрээ ирж арай хийж тэнхимээ олон очтол эхний цаг А зааланд “Монголын түүх” орно гэсэн зарлал хадсан байлаа. Яг тэр үед хажууд нэгэн нүдэнд дулаахан орон нутгаас ирсэн боловуу гэмээр шинэ оюутан зогсож байсан нь одоо Америкад суралцаж байгаа манай Б.Елжас байсан юм. Бид тэнхимийнхээ үүдэнд танилцчихаад А заал хаана байдгийг мэдэхгүй учир хаана байдаг эсэхийг лавлахаар тэнхимийн үүдийг нээтэл нүдний шилтэй үс нь бага зэрэг бууралтсан нэлээдгүй имижтэй 45 орчим насны эрхэм нуруугаа үүрчихсэн зогсож байлаа. Бид 2 нэлээдгүй эелдэгээр мэдэхийг хүссэн зүйлээ асуутал ихэд ярвайгаад “мэдэхгүй ээ” гэж донжтой нь аргагүй хэлэв. Сүүлд тэр хүн бол Базараа багш байсныг нь мэдсэн юм. Базараа багш А заал хаана байхыг мэдэхгүй байна ч гэж байхгүй л дээ. Манай төгсөгчид Базараа багшийг шинэ оюутнуудтай яаж харьцдагийг мэднэ шүү дээ../инээв/ Тэгээд гайхаж балмагдсан 2 хайж явсаар 3 давхарт гартал та нар 1-р курсынх үү гээд А заалны үүдэнд зогссон оюутнууд асууж байна, тэгэхээр “тийм” гэсэн чинь “хүүе хурдан ороорой гээд бараг л араас түлхэх нь холгүй оруулчихлаа. Бид 2 ч хэзээний идэвхитэй нөхдүүд байсан учир тойрж явсаар хамгийн урд эгнээнд ширээ олоод суучихлаа. Тайзан дээр байгаа хүмүүсийг хартал урьд нь хэзээ нэгтээ харж байсан сахалтай найрагч зэрэг хэдэн хүмүүс сууж байлаа. Дэвтэр үзгээ зэхээд үг хэлж байгаа хүний хамгийн эхний өгүүлбэрийг бичтэл “Манай Утга, уран зохиолын тэнхим” болоод л явчихдаг байгаа. Анх ингэж 9 сарын нэгэнд тэнхим болоод багш, сургуультайгаа танилцаж байлаа.


            Багш нар
            Манай тэнхимийн бодлого их нарийн. Шинээр элссэн оюутнуудыг хамгийн эхэнд Базарпүрэв багшийн гараар оруулж сурагчийн сэтгэлгээнээс салгаж оюутан сэтгэлгээ суулгадаг. Биднийг нэгдүгээр курсд байхад анхны хичээл дээр Базараа багш: “та нар яах гэж энэ салбарыг сонгосон юм бэ, та нарт ажил олдохгүй, чадахгүй нь эртхэн амьдралаа бодсон нь дээр шүү” гэх мэт үг хэлж, манай ангийнхан бүгд сэтгэл санаагаар унаж байж билээ. Гэхдээ энэ үгийг сонссоны дараа манай ангийнхан хичээл номондоо шамдах нь эрс ихсэж, хичээлдээ бүгд маш их ач холбогдол өгдөг болсон юм.
            Манай ангийнхан нэг бодлын маш их азтай, нэг бодлын маш азгүй. Сургуулийн захирал Ш.Содном багшийн гарын үсэгтэй оюутны үнэмлэх авсан хамгийн сүүлийн оюутнууд бол бид. Мөн манай ангийнхан “Улс төрийн ерөнхий онол” хичээлийн лекцийг Содном багшиасаа сонсож байлаа.
            Нийт 133 кредит цуглуулахдаа олон сайхан багш нарын лекцийг сонсжээ. Мөн 2 тэнхимийн эрхлэгчийн нүүрийг үзсэн байна.  
            Өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зааж сургасан, амьдралын гарааг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш нартаа баярлаж, талархсанаа дахин дахин илэрхийлье.

            Эрдэм шинжилгээний хурал
            Манай тэнхимийн хувьд олимптой зүйрлэх нэгэн арга хэмжээ бол манай тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ” юм. Жил бүрийн хавар болдог энэ арга хэмжээнд ер нь ангийн хамгийн гайгүй, мундаг гэсэн нөхдүүд өөрийн мэргэшиж байгаа сэдвийн дагуу өрсөлддөг их сайхан уламжлалтай “зан үйл ” юм байгаа юм.  Манай ангийнхны хувьд 4 жил сурахдаа энэ хуралд бас чамгүй үзүүлээд авсан.
            2009 оны Хаврын эрдэм шинжилгээний хуралд ангийн анд Елжас бид 2 оролцож 2-лаа тусгай байр эзэлсэн юм. “Шинэков”-уудын хувьд энэ нь сүрхий том амжилт байлаа. Бас болоогүй манай Елжас эрдэм шинжилгээний хуралд хамгийн анх удаа англиар эрдэм шинжилгээний илтгэл тависан анхны оюутан хэмээн тэнхимийн түүхэнд тэмдэглэгдсэн юм.  Елжас бол бас манай ангийн бахархалууд нэг юм. Тэр маань Ховд аймгийн Ховд сумаас АНУ-ын Georgetown-ний Их сургууль, дэлхийд улс төрийн салбартаа Yale, Harward-ийг ардаа орхин нэгт жагсдаг Williams college хүртэл явж чадсан юм. Удахгүй Елжас маань сургуулиа төгсөөд эх орондоо ирнэ.
            Жил бүрийн Эрдэм шинжилгээний хуралд манай ангийнхан идэвхитэй оролцдог бөгөөд миний бие сүүлд мөрөөдлөө биелүүлж өөрийн бодож явдаг Улс төрийнхөө олимпод “Гутгаар” ангидаа түрүүлж байсан юм.
             Жил бүрийн наадмыг хүлээдэг шиг манай тэнхимийн оюутнууд жил бүрийн Эрдэм шинжилгээний хурлыг хоног тоолон хүлээж өөрсдийгөө бэлддэг билээ.
            Манайхны жишиг”
            Манайхны жишиг гэдэг нь бидний нөхдийн /2008-2012 оны төгсөгчид/ тогтоосон нэгэн жишиг юм.  Биднийг ирэхээс өмнө жил бүрийн намар танилцах үдэшлэг болдог бөгөөд бас тодорхой тогтсон “жаяг”-тай байлаа. Энэ нь үе үеийн 3-р курсынхэн танилцах үдэшлэгийг зохион байгуулдагийг хэлж байгаа юм. Бидний үе ирэхэд хуучин тогтсон нэг газар цугларчихаад, ширээ ширээгээр нь суулгаж, болсон болоогүй хөгжөөнт тоглуулж, архи дарс уудаг байсан жишгийг халахаар шийдсэн юм. Учир нь энэ арга хэмжээ жирийн үед “баар”-анд орж байгаагаас бараг ялгаагүй нэг нэг ширээн дээр сууж, танилцсан ч зүйлгүй бие бие рүүгээ баахан муухай харж анги ангиараа суусаар байгаад дуусдаг тийм арга хэмжээ байлаа.
            Бид энэ арга хэмжээг танилцах үдэшлэгээс “Танилцах өдөрлөг” болгож өөрчилсөн юм. Анх сургуулийн захиргаа, өөрийн тэнхимийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй учирч байсан боловч манайхан нууцаар хийж чадсан юм. Бүхэл бүтэн 2 өдрийн турш тэнхимийн бүх ангиуд хамтдаа салхинд гаран, нэгээс дөрөвдүгээр курсын оюутнуудыг анги ангиар нь биш хольж хувиарлан “холимог” баг үүсгэн хооронд танилцуулж жинхэнэ нэг тэнхим шиг танилцуулдаг болсон юм. Эргээд харахад энэ санаачилсан арга хэмжээ маань их үр дүнгээ өгч тэр 2 өдөр хадгалагдсан уур амьсгал цаашдаа олон жил үргэлжилж манайхан хоорондоо анги, курсын ялгаагүй нөхөрлөх болсон юм. Цаашдаа дүү нар маань энэ “зан үйл”-ийг хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин тэнхимийн эрхлэгч, багш нар маань дэмжиэд өгөөрэй. /инээв/

“Дурсамжийн төгсгөл”
Ёстой нэг л мэдэхэд гэдэг шиг нэг л мэдэхэд төгсчихөөд өнөөдөр дурсамжаа бичээд сууж байна. Их сургуулийн дөрвөн жил ахиад олдохгүй тийм л сайхан дурсамжийг бидэнд үлдээжээ. Саяхан л бие даах төвийн хаах цаг болчихоод байхад гүрийж суугаад Өлзий эгчид гэрэл унтраалган байн хөөгдөж гарж байсан нөхөд өнөөдөр дээд боловсрол эзэмшин өөр өөрийн хүчээр нийгэмдээ хүчээ өргөөд явж байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам манай тэнхимийн үнэ цэнэ мэдэгдэх болно. 60, 70-хан жилийн виз-тэй энэ ертөнцөд ирсэн надад хэрхэн яаж амьдрах аргыг олгож өгсөн цөөхүүлээ боловч олуулаа, олуулаа боловч цөөхүүлээ энэ гэр бүлдээ би, бид хайртай.
Үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид,одоо сурч байгаа дүү нартаа Улс төрийн тэнхимийнхээ 45 жилийн ойн мэндийг хүргэе.

Sunday, August 19, 2012

Арван хоёр оны зун "1"

           Аль хэдийнээ намрын тэргүүн сар гарч шинийн гурвантай золгожээ. Хурим найр ар араасаа хөвөрч, хөдөөх оюутан залуус хотыг зорьж, амралтаа авсан ажилтан, албан хаагчид ажилдаа орцгоож зуны тайван, налгар уур амьсгал бужигнасан, буцалсан байдлаар өөрчлөгдөв
Арван хоёр оны зун гэхдээ урьд урьдах зуны адил тайван, налгар өнгөрсөнгүй. Томоохон үйл явдлууд ар араасаа хөвөрсөн онцгой нэгэн зун боловоо гэж...

               Евро 2012
                
               4 жилд нэг удаа тохиодог хөгшин европчуудын хөлбөмбөгийн аваргаа шалгаруулах тэмцээн энэ зун тохиов. Хуучны манай холбоот улс болох зүүн европын Польш, Украйнд 16 баг 6-р сарын 8-аас 7-р сарын 1-ийг хүртэл нийт 31 тоглолт хийж, 76 гоол оруулан аваргаа тодруулав.  
                   Евро 2012-ийн сургаар зөвхөн Украйн, Польш хөл хөдөлгөөн болсонгүй. Манай улс ч дутах зүйлгүйгээр хэрэндээ хөөрцөглөөд авав. Арай гайгүй байрлалтай гэсэн гудамж талбайд хөлбөмбөг үзүүлэх зориулалттай асар барьцгааж бараг бүтэн сарын турш хар буржгар үстэй хүүхний дуулсан "еэ ээ ээ, өө өө өө Ээндлэс Саамар" гэдэг дууг хангинуулан, хөлбөмбөгийн хорхойтнуудыг цуглуулж байв. Тоглолттой өдөр хотын хөл хөдөлгөөн ер нь үүрийн 05 цаг хүртэл тасар нь гэж үгүй. Яг хоббигоороо хөлбөмбөг үзэж байгаа хэсэг нөхөд байхад, далимдуулж архидан согтуурч байгаа хэсэг нөхөд ч бас байх юм.
                    Тэмцээний үеэр хэд хэдэн залуу гэр бүл түр тар хийж, зарим нь бүр салах дээрээ тулах шахсан гэнэ. Би нэг тохиолдлыг нь мэдэх юм байна. Надтай нэг газар ажилладаг залуу эхнэрээ дагуулан Португалийн тоглолтыг үзэхээр хөлбөмбөгийн асрыг зорьжээ. Учир нь эхнэр нь Кристиан Роналдугийн тоглолтыг үзэх их дуртай гэнэ. Тоглолтын үеэр тайлбарлагч "За Роналду маань энэ намар сүй тавихаар болсон гэнэ" гэж хэлтэл манай нөгөө залуугийн эхнэр үнэхээр харамссан байртай "ӨӨӨӨӨ" гэж уулга алдсан гэжугаа. Тэгэхээр эхнэр бас дотроо горьдлого тээсээр өдийг хүрсэн байх нь :)) 
                     Бас Роналдуд дурласан охидын паян дуусахгүй. Португалийн  тоглолт дуусах үеэр 2 охин маргалдаж, маргааных нь эзэн мэдээж Роналду. Нэг нь муулахаар нь нөгөөх нь өмөөрч л дээ. Тэгээд охид хоорондоо "пого" үсэргэж байх жишээтэй. "Хэрэг явдал"-ын бичлэг интернэтээр нэг тарсан даа. Хамгийн харамсалтай нь хотын соёлтой гэгддэг залуучууд маань салгаж, асуудлыг шийдэх биш эсрэгээрээ охидын зодооныг харан баясаж, бахаа хангаж зарим нэг нь бүр ингэж цохь, тэгж цохь гэж заавар өгч байгаа нь харагдав. Нэгийг бодох л хэрэгтэй. Ёстой л нөгөө лам багшийн хэлдэгээр "сайн бод, сайн бод, хэн та нарт хэлэхийн" гэж хэлмээр байна даа залуус минь.

                     Энэ бүх зодоон, цохион, хэрүүл маргааны эцэст Испанийн шигшээ баг Италийн шигшээ багийг хожсоноор бүтэн сар шахуу хөлбөмбөгөөр амьсгалуулсан Евро 2012 аваргаа тодруулж амар сайхандаа жаргав.

                                                                                үргэлжлэл бий......