Saturday, March 24, 2012

Цаг үе, залуус

         90-ээд оны эхэн үед нэг ийм нэртэй нэвтрүүлэг Үндэсний тв-ээр гардаг байсан. Тухайн үедээ асуудал хөндсөн их мундаг нэвтрүүлэг байсан гэдэг. Хөтлөгчид нь одоогийн УИХ-ын гишүүн Алтай тэргүүтэнгүүд шүү дээ. Тухайн үед ярьдаг байсан асуудлууд нь өнөө үед тодорхой хэмжээнд шийдэгдсэн байх. 
         Харин өнөөдөр 2012 онд амьдарч буй залуусд тулгарч буй асуудал, ярих зайлшгүй шаардлагатай сэдэв нь 90-ээд онд амьдарч байсан залуусаас илүү өөр, илүү онцлогтой юм. Тэр үеийн залуус асуудлаа хэлэлцэн шийдэж чадсан. Харин бидний үеийнхэн яаж байна вэ? 
Манай үеийн залуусын дунд сайнгүй харагдаж байгаа дүр зургуудыг өөрчлөхөд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготойгоор өөрсдийн байгаа нөхцөл боломжио ашиглан миний бие найз Болдбаатартайгаа http://www.facebook.com/boldbaatarGankhuyag хамтран ах нарын нэвтрүүлгийн нэрийг зээлэн "Цаг үе, залуус" хэмээх нэвтрүүлгийг Нийслэлийн Улаанбаатах радио 101.7-той хамтран хүргэхээр боллоо. 
  
Цаг Үе, Залуус
нэвтрүүлэг




Дизайн:
Өнгө: Хар хөх суурьтай. Цайвар хөх уусалттай тексттэй.
Лого: “PD and BB” текстээр хийнэ /Пүрэвдагва, Болдбаатар/
Facebook Cover , Social Background ууд нь логогоо агуулсан их хотын цахим нэвтрүүлэг /шоу/ гэсэн утга санааг илэрхийлсэн байна /Хөгжим, кино урлаг, технологи, спорт, нийгэм, урлаг/

Хэрэгцээ шаардлага:
Монгол улсад богино үелзлийн долгионы станцууд /FM/ үүсээд 15 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд FM, радионууд хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн ч ,2000-аад оноос Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас нүүж ирэгсдийн цуваа нийслэл хотын иргэдийн дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг болсноор  FM, радионууд “Их хотын” бус “орон нутгийн” шинжтэй нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг бэлтгэдэг болсон хандлага ажиглагдаж байна. Улмаар энэ нь нийслэл хотын залуусын соёлд шууд нөлөөлж хагас хөдөө, хагас хотын шинжтэй саармаг соёлыг бий болгоод байгаа билээ.
Тиймээс жинхэнэ их хотын /urban/ соёлыг түгээсэн, зөв уур амьсгалтай нэвтрүүлгүүдийг залуусд хүргэх шаардлага бий болоод байна.    

Зорилго:
Шинэ үеийн залуусыг соён гэгээрүүлэх

Хамрах хүрээ:
Нийслэл Улаанбаатар хотын залуус, Гадаадад суугаа мөн Интернэттэй холбогдсон бүхий л монголын залуус/ Social Media, Online Radio /

Фм: 101.7   
....com -> goy.mn/... /Тусгай хуудас, бусад бүх сошиалуудаа агуулна/
facebook.com/   /twitter, youtube, soundcloud агуулсан/
soundcloud.com/    /нэвтрүүлгийн бүх дугаар байршина/
youtube.com/     /видео байршина/
онлайн шууд дамжуулна

Боломж:
ТВ нэвтрүүлэгтэй холбох.
Бусад олон нийтийн нэвтрүүлгүүдтэй хамтран ажиллах, нэгтгэх

Нэвтрүүлгийн хөтлөгчид:
  • Б.Пүрэвдагва  
Улс төр судлаач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Монголын Битлз клубын гүйцэтгэх захирал
  • Г.Болдбаатар
Мэдээллийн Технологийн Мэргэжилтэн, Монголын кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбооны үүсгэн байгуулагч, “The New Media Group”-н олон нийтийн цахим хуудасны маркетер, SMC-н монгол дахь төлөөлөгч

Нэвтрүүлэг:  
Сэдэв
Агуулга
Хамтрах
1
Хөгжим
  • Хөгжмийн боловсрол
  • Сүүлийн үеийн шинэ мэдээллүүд
  • Хамтлагийн танилцуулга
  • Ярилцлага
  • Хөгжмийн микс
  • Эргэн дурсахуй
Хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид, хамтлаг, дуучид, урлаг судлаачид, фен клубууд
2
Кино
  • Кино боловсрол
  • Сүүлийн үеийн шинэ мэдээллүүд
  • Кино шүүмж
  • Кино танилцуулга
  • Ярилцлага
  • Киноны хөгжмүүд
  • Кино бүтсэн түүх
Монголын Кино Шүүмжлэгчдийн Холбоо, Киноны уран бүтээлчид /найруулагч, жүжигчин,продюссер гэх мэт/
3
Нийгэм, улс төр
  • Цаг үеийн байдал
  • Тулгамдаж буй асуудал
  • Сайшаалтай зүйлс
  • Шүүмжлэлтэй зүйлс
  • Асуудлын шийдэл, гарц
Хариуцлагатай албаны хүмүүс, УИХ-ын гишүүд, Салбарын сайд нар,
4
Урлаг
  • Street art
  • Жүжиг
  • Баллет
  • Симфони
  • Театр
  • Бүжиг
Жүжигчид, уран бүтээлчид, найруулагчид
5
Техник технологи, дэвшилтэт медиа
  • Social Media
  • Технологи
  • Интернэт
  • Дэлхий дахины чиг хандлага, мэдээ мэдээлэл
Чиглэлийн төрийн бус байгууллагууд, төлөөлөгчид, идэвхтэн хэрэглэгчид
6
Спорт
  • Сагсан бөмбөг
  • Хөлбөмбөг
  • Киберспорт гэх мэт

Сэдэв болгон дээр нэмээд хаана ямар сонирхолтой арга хэмжээ одоо болж байгаа талаар мэдээлэл хүргэх, төлөөлөгчдөөс ярилцлага авах.
 
       
          

Monday, February 6, 2012

Dundgol

       Хачин жигтэй энэ нэр чухам юу вэ гэсэн бодол эрхэм уншигч таны толгойд орж ирж байгаа байх, зарим нэг нь мэдэж ч байгаа байх. Миний бие энэ нэрийг мэддэг болоод жил хирээтэй болж байна.
 
Dundgol бол Нийслэлийн хотын зүрхэн тус газраар нэвт урсан гардаг, 60,70,80-аад оны хүүхдүүдийн сэлж тоглодог байсан "Сэлбэ" буюу "Дунд гол"-ын нэрээр  нэрлэсэн орчин үеийн залуусын соёлын нэгдэл юм. \гэхдээ миний ойлголтоор\ Лавлаад үзвэл дуучин Quiza болон түүний ах Dlob нарын хамтран байгуулсан хөгжмийн продакшн юм билээ. Гэхдээ энэ нэрийг эхний бичсэн ойлголтоор тархиндаа буулгах дуртай.
          Нийслэл хотын залуус маань нэг үеэ бодвол тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Тэд чанартай хөгжим сонсож, соёлтойгоор бие биентэйгээ харьцаж, өндөр мэдрэмжтэйгээр мэдээллээ солилцож, хэний ч хараат бусаар үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Гэхдээ ийм залуус нийгмийн цөөнх хэсэг байсаар байгаа. Харин энэ цөөнхи хэсгийг Dundgol нэг дор цуглуулж цангааг нь тайлж чаддаг. 
          Би Dundgol-оос зохион байгуулсан нэлээд хэдэн night-д очиж үзсэн мөн очих ч дуртай. Учир нь Улаанбаатарын ихэнхи баар, диско клубт байдаг хямсгануур зан, хий хоосон хэлбэрдэлт, тэнэг төрхийн сагсуурал, инээд хүрэм дүр үзүүлэлт аль аль нь тэнд нэгээхэн ч байдаггүй. Тэнд халуун дулаан уур амьсгал, бодит байдал, өндөр мэдрэмж, энгийн атлаа өвөрмөц хандлага, зөвхөн өөрөөрөө байж болох уур амьсгал бүгд байдаг. Мөн тодотгон хэлэхэд сайхан хөгжим...
           Ийм л учраас Dundgol нийгмийн тэр л боловсролтой, мэдрэмжтэй цөөхөн атлаа олон тэр залуусын цангааг тайлж чаддаг юм. 
           Би Dundgol-д очих дуртай харин та ? http://www.facebook.com/#!/groups/191713560856278/

                                                    Б.Пүрэвдагва. \Purevee Pd\

Monday, January 23, 2012

Анхны хөдөлмөрийн гэрээ

            "Зүгээр суугаагүй л бол үр дүн нь заавал гарна."
Тиймээ зүгээр л сууж болохгүй энэ үгсийг би ээжийнхээ үйл хөдлөлөөс мэдээ орсон цагаасаа эхэлж яс махандаа шингэтэл ойлгож авсан. Тиймээс ч 10 жилдээ зуны амралтаа хэзээ ч зүгээр өнгөрөөхгүйг хичээдэг байлаа. Оюутан болчихоод ч тэр. 
       Сурагч байхдаа бол хуушуур зарж ч үзэж байсан. Ер нь манай үеийнхэн бол энэ улс орны эдийн засгийг босгох гэж аль 10 настайгаасаа машин угааж, тэрэгтэй ундаа зарж, бууз хуушуур зарж   өссөн сүрхий нөхөд байдаг юм. :)


        Их сургуулийн 1-р курсээ төгссөний дараа дээд боловсрол эзэмших гэж байгаа оюутан хүн зөөгч юм уу эсвэл ямар нэг биеийн хүчний ажил хийгээд явж байх нь нэг л таалагдсангүй. Магадгүй оюутан болоод бас бус зүйл уншаад бодол санаа өөрчлөгдсөнийх байх. Тэгээд мэргэжлийн дагуу ажил хайж гарав. Манай монголд оюутан хүн ажил олж хийх ялангуяа мэргэжлийн дагуу ажилд орох тун хэцүү. Гэхдээ хайсаар байгаад л зуны 3 сар огт танихгүй өмгөөлөгчийн туслахаар ажилахаар болсон юм. Энэ бол миний албан тасалгаанд ажил хийсэн анхны тохиолдол байсан юм. Өмгөөлөгчийн туслахаар ажилласан 3 сард бичиг цаастай хэрхэн харьцах мөн хуулийн талаархи мэдлэгээ овоо гайгүй болгосон. 
     2-р курсээ төгссөн зун сэтгэлгээ болоод чадвар ч арай өөр болсон байсан. Бичсэн бас бус жаахан юмтай. Хүнтэй уулзахад хүртэл жаахан юм ярьчих түвшинд очсон байсан учир яг өөрийн мэргэжлийн салбар руугаа ойртох зорилго энэ зун тависан юм.  Тэгээд эрэлд гарч эхлэв. Энэ эрлийн сургийг 2009 оны намар JCI-н чуулганаар сайн дураар ажиллаж байхдаа танилцаж байсан тухайн үеийн JCI Mongolia-ын ерөнхийлөгч Болорчулуун ах маань гаргаж өгсөн юм. Надад 2 хүний утасны дугаар өгсөн бөгөөд тэр 2 эрхэм 2лаа улс төрийн хувьд 2 өөр улс төрийн намынх байсан. Эхний хүн нь манжлаад өнгөрсөн бөгөөд 2 дахь эрхэмтэй нь уулзаж чин хүслээ хэлж танилцсанаар туршилтаар 2 сар судалгаа хийхээр болов. Судалгааны ажил 8 сарын сүүлч хэсэгт дууссан юм. Судалгаа дууссаны дараа дарга намайг хүлээн авч уулзаад нарийн бичгийн дарга руу дагуулж орон чамайг намын төв аппаратад ажиллуулна хичээлийнхээ хажуугаар "parttime" маягаар ажиллаж чадах уу хэмээн асууж энэ асуултанд би тийм гэж хариулснаар миний хөдөлмөрийн анхны гэрээ хийгдсэн юм. Энэ гэрээгээр 16 сар ажиллах хугацаанд сургуулиа хугацаанаасаа өмнө төгсч, ажлын хувьд чамлахааргүй зүйлийг хийсэн нь  ажлын баяртай санал хүлээж авч шинэ хөдөлмөрийн гэрээ хийх суурийг тавьжээ. Анхны хөдөлмөрийн гэрээгээ байнга хадгалж явах болно. 


           Галт тэргэнд суухад тасалбар авдагтай адил амьдралын эхний өртөөнд хүрэх тасалбар энэ гэрээ байж...Одоо дараагийн өртөөний тасалбарыг авсан учир хичээх л үлдлээ...
                                                                                                                
                                                                                                                                Б.Пүрэвдагва
        

Sunday, December 25, 2011

Saturday, December 24, 2011

2011 онд хаана юу хийв...\1-ээс 7-р сар\


13 дахь сарын цалингаар шагнуулав 2011.01.04
Үндсэн хуулийн өдрөөр хөшөөнд цэцэг өргөж байгаа байдал

Ажлын аппаратынхны дунд зохион байгуулсан тэмцээнд хэлтсээрээ аваргалав
Найзын хамт сургуулийнхаа сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргыг 3 дахь жилээ дарааллаж авав
Бат илэрхийлэх шинэчлэх аяныг зохион байгуулав

Sunday, November 20, 2011

Улс төр өсвөр наснынхны нүдээр...

          
         Миний бие бакалаврын зэргийг авахын өмнөх багшлах дадлагыг 21 хоногийн хугацаанд Нийслэлийн 2-р дунд сургууль дээр хийж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт 10-р ангийн хүүхдүүдэд "Нийгмийн тухай мэдлэг" хичээлийн хүрээнд "Улс төр гэж юу" сэдвээр хичээл заалаа. Одоогийн 10-р ангийн хүүхдүүд  дунджаар 15 настай хүүхдүүд, тэдний улс төрийн талаархи ойлголт тун сонирхолтой. Хэдий 15-хан настай ч нийгэмд буй улс төрийн талаархи сайн, муу, баяртай, бухимдалтай, зөв, буруу бүхий л ойлголт тэдэнд бий. Хичээлийн эцэст "Улс төр гэж юу вэ?" тэднээс асуун цаасан дээр хариулт авсан юм. Хариултууд нь тун сонирхолтой...
                     
           "Улс төр гэдэг нь нийгэмд тулгарч байгаа асуудлыг шийдэх тушаал гаргадаг хүмүүс. Улс төр бол ерөнхийдөө Пирамид гэсэн үг. Хөрөнгө мөнгөтэй нь дээшээ явж, ухамсар муутай нь доошоо болсон цаг. Тийм болохоор пирамид."    
                                                                                                                                           10а анги Б.И

              Улс төр нь нийгмийг бүхэлд нь удирдаж чадахуйц бүхэллэг тогтолцоо юм. Энэ тогтолцооны гол багана нь эрх мэдэл гүйлгээ ухаан юм.
                                                                                                                                           10а анги Д.А

                Улс төр гэдэг нь юуны тулд улс гэдэг нэр байгаа билээ тийм учраас улс орноо хамгаалж хөгжүүлэх дээдлэн дэвшүүлэх улс төрийн баримтлал байх ёстой. 
                                                                                                                                             10а анги Н.Ш

Friday, November 4, 2011

Миний хүүгийн сурлагын дэвтэр

  
       2008 онд анх оюутан болоод нэг ч дүн тавигдаагүй сурлагын дэвтэр /кинишк/ дээрээ эхний семистрт орсон 4 хичээлийн "A" дүн тавиулчихаад хол байгаа аав руугаа залгаж оюутны анхны семистрийн тайлангаа тайлагнасны дараа ааваас минь нэг захиа ирсэн юм. Захианд: Миний хүүгийн сурлагын дэвтэр гэж гарчиглан:
                               
                    Сурлагын дэвтэр
                    Суу алдраа цуурайтуулан
                    Сугарч гарах гарааны гэрэгэ
                    Эрдэмийн их далайгаас
                    Эрдэнэс түүүсэн гарааны гэрэгэ
Сурлагын дэвтэр
Эрдэмтэн багш нарын шүүлгийн дүн
Эзэн хүний мэдлэгийн шалгавар
Идэвхи хичээл зүтгэлийн шагнал
Их замын гарааны гэрэгэ
                  Сурлагын дэвтрээс
                  Өнө холын ирээдүй нь гэрэлтэж
                  Олноо түүчээлэх оюун нь тодорно
                  Өвөөгийнх нь ухааны цараа гялалзана
                  Өндөрт гарах оргил нь харагдана
Сүлд тугаа өргөн хүүгээ даатгъя
Сүү өргөн мялааж нутагт нь залбиръя
Тэнгэр бурхандаа хүүгээ даатгъя
Тэрсүүдийг нь хааж тахил өргөн сүсэглье
                    Хүний үрсээс хоцролгүй
                    Хүрэх хүслээ биелүүлээрэй
                    Эрдмийн далайгаас хичээнгүйлэн суралцаж
                    Энэ биеэ чимж яваарай
                                                                                  2009.01.03
гэсэн урам өгч, хүч нэмсэн шүлэг ирсэн юм. Аавын минь өгсөн энэ их урам 1,2,3-р курсд онц сурахад маш том нөлөө үзүүлсэн. Энэ жил би төгсөх курсын оюутан энэ эрчиэрээ төгсөнө гэдэгт итгэлтэй байна . Итгэл, урам гэдэг хамгийн хүчтэй. Би ч ирээдүйд хүүгээ урмаар хүмүүжүүлнэ.

              
                                                                                                                                    Б.Пүрэвдагва

Friday, October 14, 2011

Янжуур

     
          Чухам бидний тамхи гэж нэрлэдэг энэ эдийг бас янжуур гэдэг, хэдий лингвистик үүднээс дорвитой тайлбар хийж чадахгүй ч, янжуур гэж нэршил 18, 19-р зууны үед монголд урд зүгээс орж ирсэн болов уу. Ямартаа ч Өмнөд Америкийн уугуул иргэд зэрлэгээр ургадаг нэгэн ургамлын навчийг зажлахад бие хєнгєрч, ядаргаа багассан мэт мансуурсан болохыг мэдсэнээр тvvнийг ид шидтэй мэт ойлгон хэрэглэж ирсэн нь өнөөгийн тамхины хэрэглээний эх vvсвэр болон дэлхий даяар тархжээ. Энэ янжуур гэдэг зүйлийн талаар үргэлж муу бодолтой явдаг байсан миний толгойд сүүлийн үед арай өөр бодол эргэлдэх болов. Муу талыг нь бүгд мэдэх байх наад зах нь батга гарна, уушиг хордоно цаашлаад урагт нөлөөлнө. Тамхины хайрцагнууд дээр байдаг зургуудыг бүгд харсан байлгүй дээ. 
     Харин одоо энэ золигийн эдийг шунан татдаг нөхдүүдийн талд ороод хэдэн эерэг талуудыг нь тоочье
- Найзтай болох, хүнтэй танилцах нэг хөшүүрэг. Хэрэв хэн нэгэн Дулмаа, Болд ажилд орсон бол хамгийн эхлээд тамхилах зуураа танилтай, найзтай болдог.
- Тамхи татах /тамхилах/ тэр хэдхэн хоромд тийм нэг дотно уур амьсгал бий болдог. Ямартаа ч зүгээр зогсоод ярихаас огт өөр.Энэ уур амьсгал нь ялангуяа бизнес, эдийн засгийн хүмүүсд сайнаар нөлөөлөх нь бий. Тамхилах зуураа ажилаа бүтээсэн хүмүүс олон байдаг. Парламентын гишүүд ч тамхилах зуураа бие биенийгээ лоббидох нь бий. 
- Агшин зуур бие организмыг сэргээх талтай. Ачаалалтай ажиллаж байх үед нэг янжуур сороход хурдан хугацаанд сэргэлт авч, бас багахан хэмжээний амралт эргээд ажилдаа идэвхитэй сэргэлттэй ордог. Ажлын ачааллаас болж тамхинд орсон хүмүүс багагүй байдаг.Тэр нь үүнтэй холбоотой байх.
- Тамхичдын соёл. Тамхичин хүн тамхичин хүнтэйгээ харьцдаг нэг өвөрмөц соёл бий болсон шиг санагддаг. Жишээ нь бие биенээ тамхиар дайлах /индианчууд хүндэт зочиноо "Хука" буюу тамхиар дайлдаг байсан/, нэг нэгэндээ галаа өгөх, цаашлаад бүр тамхийг нь асааж өгөх, гарын салаагаар тамхиа өгдөггүй зэрэг бичигдээгүй дүрмүүд үйлчилдэг юм билээ.
        За тэгээд цаашилбал мансууруулах нөлөөтэй гэх зэрэг зүйлүүдийг бичиж болох юм. 
        Бүгдийн муулдаг энэ "муу " зүйлийг яагаад ч юм гэнэт сайн талаас нь харж бичихийг оролдов. Эрхэм уншигч та тамхи татдаггүй бол дээрхи зүйлүүдийг уншаад тамхийг бүү сонирхоорой. Миний хувьд тамхийг сурталчилахыг хүссэнгүй. Эцэст нь хэлэхэд тамхи яавч сайн зүйл биш гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ.
                                      
                                                                                                              Б.Пүрэвдагва

Thursday, October 6, 2011

Би мартахгүй

Хүний амьдралд олон зүйл тохиолддог тэр олон зүйлээс гагцхүү хэзээ юу болсон гэдгээрээ бусдаасаа ялгарч хүний амьдралын мартагдашгүй дурсамж болон үлддэг. Өнөөдөр даргадаа сургалтын төлбөрөөр шагнууллаа....Би мартахгүй

Friday, September 30, 2011

Жинхэнэ одод

        Жинхэнэ одод гэж бичихээр жинхэнэ биш гэж бас байх болчих гээд байдаг.Миний бичсэн санаа нь өнөө цагт бид тэр од, энэ од гэж бичдэг. Одоо үеэ үгүйсгээгүй ч бидний өнгөрсөн үед мартаж болохооргүй авъяастай сайхан дуучид байжээ. Дуучдын хоолой, дууны хөгжим, тэр амьд байдал, дууны хэлэх гэж буй цаад гүнзгий утга санаа нь өнөө үеийн дуучдын дуутай харьцуулшгүй мундаг байжээ.
        Та бүхэнд энгийн хэрнээ агуй тэр сайхан бүтээлүүдийг хүргэж байна. Үеийн үед ард түмний дунд дуулагдаж яваг !!!
                                          Бүүвэйл хорвоо бүгдээрээ бүйвэй
                                          Элэг бүтэн эвсэг явъя аа....

Wednesday, September 28, 2011

Гарын таван хуруу

2005 оны "Болор цом"-ын эзэн Ж.Мөнхбат-н бичсэн энэ шүлэг надад маш ихээр таалагдав.
 
Эрхий хуруу шигээ байх юмсан
Эсэгсэн тангарагтаан дэндүү үнэнч
Эгэл бусаддаа дэндүү тусч
Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай
Салаавч өгөхөд чухал үүрэгтэй
Эрхий хуруу шигээ явахсан

Долоовор хуруу шигээ явахсан
Доромжилж тавалсан нүдний харцыг сох хатгаж чадах
Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах
Долоовор хуруу шигээ явахсан

Sunday, September 18, 2011

Сайн байцгаана уу

        Сайн байцгаана уу?
           ОХУ-ын Иркутск, Улаан-Үд хотуудаар яваад ирлээ. Блогтоо нэг сарын хугацаанд салхи оруулсангүй. Удахгүй аян замын тэмдэглэлүүд бичих болно. Мөн намар болж амралтаа авсан нөхөд ажилдаа орж, хичээлийн шинэ жил эхэлж манай орны амьдралын хамгийн идэвхитэй үе эхлээд байна.Олон зүйл сонирхол татаж байна. Удахгүй шинэ бичлэгээр уулзацгаая
        

Friday, August 26, 2011

Toro Y Moi

           Chazwick Bundick буюу бидэнд Toro Y Moi нэрээрээ танил болсон энэ хар залуу сүүлийн үед миний сонирхлыг маш их татаад байгаа. Ганц миний ч биш аль хэдийнээ тив дэлхийн чанартай хөгжим сонсогч залуусын хэрэгцээг хангаж дуртай дуунуудых нь зохиогч, дуучин болсон билээ. Тиймдээ ч энэ залуугийн талаар блогтоо оруулахаар шийдлээ.
         Toro Y Moi бол Америкийн electronic, chillwave, pop чиглэлээр уран бүтээлээ туурвидаг чадварлаг залуу singer-song writer /уран бүтээлч/ юм. Тэрээр 1986 оны 11 сарын 7-нд Америкийн Хойд Каролинад төржээ. Сонирхол татсан нэг зүйл нь бол Toro Y Moi-ын ээж нь  Филлипин гаралтай, аав харин Африк гаралтай Америк. /Ураг төрлийн хол нь дээр гэж холын цуснаас ийм л авъяастай хүү төрдөг юм байна/
         Toro Y Moi буюу Bundick маань график дизайнер мэргэжилтэй бөгөөд 2009 онд Хойд Каролинагийн их сургуулийг төгссөн юм байна. Сургуулиа төгсөөд Bundick мэргэжилээрээ ажилалгүйгээр electronic, chillwave, pop чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ernest Greene-тэй нийлэн хөгжмийн мөр хөөсөн юм. Тэрээр Carpark records-той гэрээ байгуулсан бөгөөд 2010 онд анхны цомог болох Causers of this цомогоо гаргасан. Энэ цомогт монголын чанартай хөгжим сонсогч залуусын сайн мэдэх Blessa, Minors зэрэг дуунууд багтсан. 
       Энэ дууг анх 2010 онд Pitchfork-ын best new music хэсгээс сонсоод маш их таалагдаж байсан

Уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн Toro Y Moi-ын гараас сайхан бүтээлүүд ар араасаа ундарч эхэлсэн юм. 2011 оны 2-р сард монголчуудын хамгийн сайн мэдэх дуунууд багтсан Underneath the Pine цомогоо гаргасан. Энэ цомогт: 
                                                               Энэ бол маш гоё

                                      Манайхны хамгийн сайн мэдэх дуу байх. Плэй Тайм дээр мөн их         эгшиглэсэн дээ

       
                                  Сүүлийн үед миний чих энэ дууг сонсох дуртай болоод байгаа



Тоro Y Moi буюу Bundick-ын талаар товчхон бичихэд ийм байна. Цаашид олон сайхан бүтээл гаргаж олон чихийг баярлуулна гэж бодож байна. Та ч бас нэг завандаа дуунуудыг нь сонирхоод үзээрэй

                                                                                                                        Б.Пүрэвдагва