Monday, November 1, 2010

Д.Баярхүү. “Дэлхий АНУ-н геополитикийн толинд” өгүүллэгийн шүүмж



Одоогоос 7 жилийн өмнө буюу 2003 онд уг өгүүллэгийг бичжээ. 7 жил бол хугацаа, энэ хугацаанд ямар ч зүйл хувьсан өөрчлөгдөж амжина. Тухайн үеийн байдал болон өнгөрснөөс дүгнэж ирээдүйн Геополитикийн чиг хандлагыг судлаач Д.Баярхүү 2003 онд таамаглал дэвшүүлсэн нь өнөөдрийн нүдээр харахад өнөөгийн геополитик түүний таамаглалыг батлаж, нөгөө талаар түүний дэвшүүлсэн зарим таамаглал ирээдүйгээс шалтгаалах нь хэвээр үлдээд байна.
Тухайлбал “АНУ-н Ерөнхийлөгч Ж.W.Буш эрх барьсан нэг жилийхээ тайланг улс орондоо хандсан түгээлт хэлбэрээр АНУ-н конгресс, Сенатын хамтарсан хуралд 2002 оны эхээр тавихдаа “Муу, муухай зүйлийн тэнхлэг” (Axis of Evil) гэсэн хачин нэр томьёо гаргаж, үүндээ Хойд Солонгос, Иран, Ирак зэрэг улсыг нэр зааж зүхэв. “Ось Зла” хэмээн оросуудын хөрвүүлээд байга энэ нэр  томъёо цоо шинэ юм биш. 1983 онд Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Зөвлөлтийхөн Сахалины агаарт устгаж сөнөөсний дараа АНУ-н ерөнхийлөгч Р.Рейган “Империя зла” буюу ”Муу муухай зүйлээр дүүрэн эзэнт гүрэн” хэмээн СССР-г нэрлэн зүхэж, марксизм-леннизмийг түүхийн үнс нурам болгоно хэмээн андгайлж асан нь эдүгээ түүх болж үлджээ. Рейган хэлсэндээ яг хүрсэн, одоо Бага Буш хэлсэндээ хүрнэ гэдэгт эргэлзээ алга.” Хэмээн судлаач бичжээ. Эргэлзээ алга гэж итгэлтэй хэлсэн нь учиртай байж. Буш ч бас хэлсэндээ яг хүрсэн.
Уг өгүүллэгт  20-р зуунд дэлхийн Геополитик хэрхэн өөрчлөгдсөнийг АНУ болон хуучины СССР 2-г харьцуулан гаргасан байна. Нэгэнтээ олон улсын харилцааны хоёр туйлт дэлхийн систем алга болж Пакс Американа гэх ганц туйлт дэлхий оршин буй тул үүнд тохирсон олон улсын харилцааны шинэ загвар геополитикийн шинэ загвар, геополитикийн шинэ номлол хэрэгтэй болсон үүнийг “Неомондиализм”,”Дэлхийн шинэ дэг журам” -р орлуулав. Энэ дэлхийн шинэ дэг журам тогтсон. Үүнийг 1991 онд Персийн буланд Иракийг цээрлүүлсний дараа АНУ-н тэр үеийн Ерөнхийлөгч Ж.Буш анхлан дэлхийн шинэ дэг журмыг зарлаж, түүнээс хойш Б.Клинтоны үед хэвшүүлсэн, харин хүү Ж.Буш нь олон улсын Тероризмын эсрэг эвслийн хэлбэрээр цааш нь шат ахиулсан.
Дэлхийн шинэ дэг журам нь дэлхий даяараа интеграцчилагдахад хүрж, олон улс үндэстнүүд “Нэгдмэл нэг дэлхий рүү” хандаж буй. Энэ нэгдмэл нэг дэлхийг НҮБ зохицуулах бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагааг барууныхан тэр тусмаа Америкийн үзэмжээр залж чиглүүлдэг тухай бичсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Энэ нь дэлхий санхүү- аж ахуйн бүх тогтолцоо механизм- ОУВС, Дэлхийн банк, ДХБ, Давосын эдийн засгийн форум зэрэг чухал зангилаа зөвхөн барууныхны гарт, үүгээр дэмжин дэлхийн эдийн засгийн 77 хувийг тэд хянаж буй зэрэг олон фактаар нотложээ.
Улс төрийн талаасаа бол АНУ “хүмүүнлэг энэрэнгүй” , “Ардчилсан” үнэт зүйлсээрээ гул барин дэлхий дахиныг ардчилахыг шаардаж, энэ хэмжүүрээр дэлхий дахиныг 4 хэсэгт ангилан үзсэн байна.
1.    Гол орнууд- core states
2.    Шилжилтийн орнууд- transition states
3.    Харгис хэрцгий орнууд- rogue states
4.    Бүтэлгүй орнууд- failed states
Дээрхи 4 чиглэлээр АНУ геополитикийн бодлого явуулж байгаа юм. Дээрхи ангилалын го шалгуур нь ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг.
    АНУ-н стратегийн гол зорилго бол Орос, Хятад 2-г Евразид АНУ-н контрабаланслагч болгочихгүй байх явдал. Энэ зорилгоор энэ хоёр орны нутаг дэвсгэрийг эргэн тойронтой нь хамт нөлөөний хүрээндээ авахыг зорьж байна.  Судлаач нотлохдоо Төв азируу америкийн цэрэг бөөнөөрөө орж баазаа байгуулж байгааг жишээ авчээ. (Киргизийн нутагт АНУ-н цэргийн бааз байрласан )
 Дээрхи 4 ангилалын Харгис хэрцгий ангилалд орсон орнуудыг аль болохоор байнгын дарамтанд байлгаж, НҮБ-с хориг тавиулж болохгүй бол Афганистаныг буулгаж авсан шиг байлдааны үйл ажиллагаа хийнэ.
      Бүтэлгүй орнуудад тэгтлээ ялгавартай дээрэлхүү хандахгүй. Тэднийг өөд нь татчихвал шат ахиад шууд гол орон болчихож магадгүй.
     Өгүүллэгийн эцэст судлаач дүгнэхдээ: “Пакс Американа, неомондиализм гэж ингэхэд чухам юу вэ?
       Америкийн хууль дүрэм, зуршил, соёл- Нийлүүлээд хэлвэл Америкийн ардчилал үйлчилсэн дэлхийн эдийн засаг, улс төр, цэргийн бүх харилцааг АНУ тодорхойлж зохицуулсан олон улсын харилцааны тийм дэг журмыг хэлж байна. Энэ бол хүсэл биш, өнөөгийн байдал, Цагаан ордны төрийн бодлого, тэдний үзэл суртал мөн.”
     
     

Thursday, October 28, 2010

Намар 1

     Ажлаа хийж байх зуур Намар-н талаар бодол орж ирэв. Хамгийн уйтгартай улирал....би намарт дургүй.

     Намарт дургүй болсон шалтгаан нь бүр балчир байхаас үүдэлтэй. Намайг бага байхад эцэг эх маань аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 20 км-н зайд Жуулчины баазтай байлаа. Зун хөгжөөн, хөл ихтэй сайхан өнгөрч уйдах завгүй байдаг байлаа. Намар болоод ирмэгц жуулчид, хотоос зочлогсдын хөл тасарч дээрээс нь жуулчны баазын ихэнхи ажилчдыг сумын төв рүү буцаачихна. Баазын ажилчид буцахад зуны турш хамт тоглосон найзууд маань эцэг эхээ дагаад намайгаа орхиод однодоо. Тэр үед миний бие сургуульд ороогүй байв. Баазын ажилчдыг суулгасан машин сумын төв рүү хөдлөхөд араас нь гүйчихмээр санагддаг байж билээ. Тэгээд ганц ч найзгүй хоцорсон би уйтгарлана гэж жигтэйхэн. Хэдий энэ байдал 9 сарын сүүлээс 10 сарын сүүл хүртэл үргэлжилдэг боловч туулаад баршгүй их хугацаа шиг санагддаг байв. Бас л муухай шүү. Зун шуугилдаж, баярлаж хөөрч тоглодог голын эргээр алхахад хааяа нэг морь янцгаах, үхэр мөөрөх дуу сонсогдоно. Ёстой л нэг хүний мөрөөсөл  болдог байждээ...

Wednesday, October 27, 2010

Аавын надад зориулж бичсэн шүлэг

Санаа бодолдоо итгэж
Саадыг давж давшиарай
       Шудрага үнэний төлөө
       Шуурга сөрж зүтгээрэй
Төгс үзлийхээ төлөө
Түймрийн гал шиг дүрэлзээрэй
       Үнэнч ханиа түшиж
       Үйлс ажлаа бүтээгээрэй
Оргилсон хүсэл эрмэлзлэлээрээ
Олон түмнээ дагуулаарай
        Оюун ухаанаа уралдуулж
        Оргил өндрийг эзлээрэй
                                         О.Бяруузана \миний аав\

Saturday, October 23, 2010

Миний блог

     Блог гэж юу вэ? Яах гэж нээдэг талаар олон зүйл бичсэн байдаг....Миний хувьд 2 блог нээж түүнийгээ блог утгаар нь хэрэглэж чадалгүй тоосонд дарагдуулж орхисон.Одоогоор тэр 2 нөгөө хойд "пин"-д байгаа гэдэг шиг хэрэглэгдэхээ больжээ.Шалтгаан нь цаг зав дээрээс нь сэтгэл дутагдсан байх. Хашилтанд хэлэхэд учир, шалтгаан, үнэ цэнийг нь ойлгоогүй байсан гэж хэлж болно.
    Хүмүүс блогтоо төрөл бүрийн зүйлийн талаар янз бүрийн зорилготой бичдэг. Өөрийн сонирхлын дагуу гайхалтай сайхан зүйлийг бичдэг хүн байхад хэнд ч хэрэггүй мэдээллийг цуглуулж бусдыг татах эрмэлтэй хүн бас байна. Аливаа зүйл эрх ашиг, сонирхлын дагуу хийгдэх ёстой. Тийм ч учир хүн аливаа зүйл дээр рационал байх хэрэгтэй. Миний хувьд өөрийн дотоод хүнтэйгээ ярилцдаг яриаг , өөрийн сонирхдог зүйлийг , шүүмжилдэг зүйлээ, хэлэхийг хүссэн зүйлээ, тэмдэглэлийн дэвтэртээ халтардуулан бичдэг өдөр тутмын тэмдэглэлээ энд бичгээр буулгах болно.
   Хэнд зориулж бичиж байна гэхээр өөртөө... гол уншигч нь би...бичигч нь ч бас би өөрөө...Харин миний бичсэн зүйлийг унших нь хэнд ч хаалттай биш..танд хэрэг болвол тэр л биз..учир нь та рационал учир...
    За ингээд миний 3 дахь..."Пин"-д байгаа 2-г эс тооцвол анхны блогийн эхний хуудас энэ бичлэгээр нэмэгдэж байна...