Wednesday, March 11, 2015

Mardi Gras

Өнгөрсөн 7 хоногт намайг Сиднейд ирэхэд нэгэн томоохон арга хэмжээ болж байсан бөгөөд энэ арга хэмжээ миний сонирхлыг маш ихээр татсан юм. Орчин үеийн нийгмийн хөгжилд олон шинэ содон зүйлс, чиг хандлагууд бий болоод байгаагийн хамгийн том нь хүн төрөлхтний бэлгийн чиг хандлагад гарч байгаа өөрчлөлт билээ. Энэ том өөрчлөлтийн маш том арга хэмжээ болох Mardi Gras-ийн талаар өөрийн үзэж харснаа хуваалцъя.
Анхлан Сиднейд ирж байгаа надад юм бүхэн нь сонин сайхан байлаа. Тэр дундаа 6 өнгөнөөс бүрдэх өнгөлөг туг хаа саагүй өлгөөтэй байх нь миний сонирхлыг татаж Австралын тугнаасаа илүү их өлгөгдсөн энэ туг ямар учиртай юм бэ гэж намайг тосч авсан хүнээс асуутал “энэ бол ижил хүйстнүүдийн туг” гэж хариулахад бүр ч их гайхав.
...Намайг Сиднэйн төв хэсэг рүү алхаж ороход төв замуудыг хааж, зам дагуулан хаалт босгосон байсан бөгөөд хаалтыг дагаад олон мянган хүн цугларч, энд тэндгүй сонин содон хувцас өмссөн, үлгэрийн баатруудын дүрд хувирсан хүмүүс, тэр ч битгий хэл зарим нь зөвхөн дотоожтойгоо явж байлаа. Тэнд цугларсан бүх хүмүүс баяр ёслолын байдалтай бие бие дээ “Happy Mardi Gras” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлцгээж байв. Аз болоход манай австрали найз хотын төвд байрлах өөрийн ажлын өрөөнөөсөө парад үзэхийг урисан байсан нь парадыг дээрээс алган дээрээ тависан мэт харах боломж олдсон юм.
Парадын эхэнд нутгийн уугуул иргэд болох Аброген гаралтай ижил хүйстнүүдийн төлөөлөлөл гарч ирэхэд бүгд FIRST AUSTRALIANS хэмээн асар их хүндэтгэл үзүүлэв. Залгуулаад парадыг үүсгэн байгуулагчид, улс төрийн дэмжлэг үзүүлдэг улс төрчид, орон орны төлөөллүүд, төрийн байгууллагууд болох цэрэг, цагдаа, эмнэлэг, гал командад ажилладаг ижил хүйстнүүд өөрийн дүрэмт хувцастайгаа гарч ирэхэд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Удаалаад спортын ЛГТБ тамирчид, мөн хувийн томоохон пүүс компаниудын ажилтан албан хаагчид тус тусдаа өвөрмөц хувцсаар жигдрэн, бүжиглэх нь бүжиглэж, сонин содон үзүүлбэр үзүүлэх нь үзүүлж парад агшин бүртээ сонирхолтой үргэлжилж байв. Бас нэг сүрдмээр сайхан байсан зүйл нь Ижил хүйстнүүдийн мото клубын чопперчид, байкеруудын цуваа сэтгэл огшоом байлаа.
Манай ЛГТБ иргэд улс орондоо энэ чиг хандлагаа нууж хааж, нийгмээсээ санаа зовж амьдардаг харин энд тэд үүгээрээ бахархаж байна. Нийгэм нь тэднийг хүлээн зөвшөөрч манай компани тэдэн ижил хүйстэн ажилтантай гэдгээ нийгэмдээ гайхуулан бахархаж, бүх албан байгууллагууд, худалдааны газрууд ЛГТБ далбааг хатган хүндэтгэл үзүүлж хот тэр аяараа Mardi Gras-аар амьсгалж байв. Парадыг үзээд зогсож байхад монголд амьдарч байгаа 6000 гаруй ЛГТБ залуусын төлөөллийг ирэх жилийн парадад оруулахад нь туслах юмсан ч гэсэн бодол зурс хийж байв. Энэ чинь хүний эрх шүү дээ. Бид нэг нэгнийгээ ойлгох хэрэгтэй.
Эцэст нь уг арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөд Mardi Gras жил бүрийн 2-р сараас  3-р сарын эхний долоо хоногийн Бямба гариг хүртэлх хугацаанд  зохион байгуулагддаг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн лесби, гей, транс жендер, бисексуал хүмүүсийн хамгийн том фестивал юм. Энэ бол ижил хүйстнүүдийн хамгийн том баяр.
Фестивал хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
-       Нийтдээ 300.000 гаруй мянган хүн оролдцог парад
-       Урлаг, соёлын арга хэмжээнүүд
-       Жижиг, том үдэшлэгүүд
-       Машины уралдаан, слортын арга хэмжээнүүд
-       Эрдэм шинжилгээний хурал
-       Академик хэлэлцүүлгүүд багтана.
Энэхүү фестивал нь 1979 оноос өнөөдрийг хүртэл нийт 36 жилийн хугацаанд зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх Оксфордын гудамжинд 500-аад ижил хүйстнүүд цугларч өөрсдийн чиг хандлагаа нийтэд зарласнаар энэхүү фестивал жил болгон ЛГТБ хүмүүсийн өөрсдийн эрхээ тунхаглаж, дэлхий нийтэд чангаар зарладаг бахархлын арга хэмжээ болсон юм.
Парадад оролцохоор болон үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган жуулчид ирдэг нь эдийн засгийн хувьд олон олон сая долларын ашгийг улс орондоо авчирдаг байна.
Заа тэгээд бүгдээрээ энэ хөгжилтэй орнууд шиг нэг нэгнийхээ сонирхлыг хүндэтгэж сурья гэж уриалаад энэ бичлэгээ жаргаая.













Б.Пүрэвдагва

2015.03.11 Австрали улс, Сидней хот