Monday, November 5, 2012

Яг хөгжим шиг амьдрахсан



Яг хөгжим шиг амьдрахсан
Ялгаварлаж хэн нэгнийг гадуурхахгүй
Ямар байдаг тэр хэвээрээ
Яруу бас эрхэмсэг

Яг хөгжим шиг амьдрахсан
Ясанд тултал өвтгөж чаддаг
Янаг хайрыг мэдрүүлж чаддаг
Ялгуун бас сүрдмээр

Яг хөгжим шиг амьдрахсан
Хагацаж салж зовоохгүй
Хамтдаа үнэнч байж чаддаг
Хайрламаар бас дурламаар

Яг хөгжим шиг амьдрахсан
Сайхан бүсгүйчүүд өөртөө татаж
Сарнишгүй сайхнаа цуцашгүй мэдрүүлдэг
Садар бас  самуун

Яг хөгжим шиг амьдрахсан
Өш санаж хэн нэгнийг занахгүй
Өөрийнхөө өнгөөр эгшиглэж л байдаг
Өөгүй бас энэрэнгүй

Яг хөгжим шиг амьдрахсан
Ядарсан нэгэнд итгэл төрүүлж
Ялзарсан тархинд ухаарал хайрладаг
Гэгээлэг бас өгөөмөр

Яг л хөгжим шиг амьдрахсан...

                                                       2012.11.06    02 цаг 10 минут




Thursday, September 20, 2012

Төгсөгчийн дурсамж /2008-2012/



            2008 онд бидний нөхөд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс төр судлалын тэнхим хэмээх сүрхий урт гуншин нэртэй гэр бүлд шинэхэн гишүүн нь болж элссэн юм. Улс төр судлалын шинжлэх ухаан бол монголд төдийлөн хуучин шинжлэх ухаан биш учир ийм гэр бүл байдгийг зарим нэг нь сайн мэдэхгүй байсан. Хүмүүсд ийм ангид сурдаг гэхээр тэгэхээр чи улс төрч болно гэсэн үг үү гэж  асуугаад тэгээд танайхыг төгссөн парламентчид байна уу хэмээн ам асуудаг байлаа. Тухайн үед тэнхимээ ч сайн мэддэггүй байсан учир иймэрхүү асуултанд амаа алгадуулаад л таг дуугүй болдог байж. Одоо бодоход арга ч үгүй юм даа манай тэнхимийн анхны төгсөлт 1997 онд төгссөн. Анхны төгсөгчид маань одоо дөнгөж гуч гаран насны хүмүүс байгаа. Гэхдээ юм цаг хугацаа өнгөрөх тусам боловсорч гүйцдэгтэй адил өнгөрсөн 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд манай тэнхимийг төгсөгч 14 эрхэм сонгуульд өрсөлдсөн дүн мэдээ байна. Энэ бол манай тэнхимийн хүч чадлыг харуулж байгаа нэгэн үзүүлэлт мөн болов уу. Нөгөөтэйгүүр мэргэжлээрээ судалгаа шинжилгээ хийдэг маш олон чадварлаг судлаачид төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудад ажиллацгааж байна.


Анхны сэтгэгдэл
            2008 оны 9-р сарын 1-нд анх тэнхимийнхээ барааг харж байлаа. Тэр өдөр нэг хөгтэй явдал болсноо энд бичье. Сургуулийнхаа нээлтэд оролцчихоод “төрөлх” хичээлийн II байран дээрээ ирж арай хийж тэнхимээ олон очтол эхний цаг А зааланд “Монголын түүх” орно гэсэн зарлал хадсан байлаа. Яг тэр үед хажууд нэгэн нүдэнд дулаахан орон нутгаас ирсэн боловуу гэмээр шинэ оюутан зогсож байсан нь одоо Америкад суралцаж байгаа манай Б.Елжас байсан юм. Бид тэнхимийнхээ үүдэнд танилцчихаад А заал хаана байдгийг мэдэхгүй учир хаана байдаг эсэхийг лавлахаар тэнхимийн үүдийг нээтэл нүдний шилтэй үс нь бага зэрэг бууралтсан нэлээдгүй имижтэй 45 орчим насны эрхэм нуруугаа үүрчихсэн зогсож байлаа. Бид 2 нэлээдгүй эелдэгээр мэдэхийг хүссэн зүйлээ асуутал ихэд ярвайгаад “мэдэхгүй ээ” гэж донжтой нь аргагүй хэлэв. Сүүлд тэр хүн бол Базараа багш байсныг нь мэдсэн юм. Базараа багш А заал хаана байхыг мэдэхгүй байна ч гэж байхгүй л дээ. Манай төгсөгчид Базараа багшийг шинэ оюутнуудтай яаж харьцдагийг мэднэ шүү дээ../инээв/ Тэгээд гайхаж балмагдсан 2 хайж явсаар 3 давхарт гартал та нар 1-р курсынх үү гээд А заалны үүдэнд зогссон оюутнууд асууж байна, тэгэхээр “тийм” гэсэн чинь “хүүе хурдан ороорой гээд бараг л араас түлхэх нь холгүй оруулчихлаа. Бид 2 ч хэзээний идэвхитэй нөхдүүд байсан учир тойрж явсаар хамгийн урд эгнээнд ширээ олоод суучихлаа. Тайзан дээр байгаа хүмүүсийг хартал урьд нь хэзээ нэгтээ харж байсан сахалтай найрагч зэрэг хэдэн хүмүүс сууж байлаа. Дэвтэр үзгээ зэхээд үг хэлж байгаа хүний хамгийн эхний өгүүлбэрийг бичтэл “Манай Утга, уран зохиолын тэнхим” болоод л явчихдаг байгаа. Анх ингэж 9 сарын нэгэнд тэнхим болоод багш, сургуультайгаа танилцаж байлаа.


            Багш нар
            Манай тэнхимийн бодлого их нарийн. Шинээр элссэн оюутнуудыг хамгийн эхэнд Базарпүрэв багшийн гараар оруулж сурагчийн сэтгэлгээнээс салгаж оюутан сэтгэлгээ суулгадаг. Биднийг нэгдүгээр курсд байхад анхны хичээл дээр Базараа багш: “та нар яах гэж энэ салбарыг сонгосон юм бэ, та нарт ажил олдохгүй, чадахгүй нь эртхэн амьдралаа бодсон нь дээр шүү” гэх мэт үг хэлж, манай ангийнхан бүгд сэтгэл санаагаар унаж байж билээ. Гэхдээ энэ үгийг сонссоны дараа манай ангийнхан хичээл номондоо шамдах нь эрс ихсэж, хичээлдээ бүгд маш их ач холбогдол өгдөг болсон юм.
            Манай ангийнхан нэг бодлын маш их азтай, нэг бодлын маш азгүй. Сургуулийн захирал Ш.Содном багшийн гарын үсэгтэй оюутны үнэмлэх авсан хамгийн сүүлийн оюутнууд бол бид. Мөн манай ангийнхан “Улс төрийн ерөнхий онол” хичээлийн лекцийг Содном багшиасаа сонсож байлаа.
            Нийт 133 кредит цуглуулахдаа олон сайхан багш нарын лекцийг сонсжээ. Мөн 2 тэнхимийн эрхлэгчийн нүүрийг үзсэн байна.  
            Өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зааж сургасан, амьдралын гарааг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш нартаа баярлаж, талархсанаа дахин дахин илэрхийлье.

            Эрдэм шинжилгээний хурал
            Манай тэнхимийн хувьд олимптой зүйрлэх нэгэн арга хэмжээ бол манай тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ” юм. Жил бүрийн хавар болдог энэ арга хэмжээнд ер нь ангийн хамгийн гайгүй, мундаг гэсэн нөхдүүд өөрийн мэргэшиж байгаа сэдвийн дагуу өрсөлддөг их сайхан уламжлалтай “зан үйл ” юм байгаа юм.  Манай ангийнхны хувьд 4 жил сурахдаа энэ хуралд бас чамгүй үзүүлээд авсан.
            2009 оны Хаврын эрдэм шинжилгээний хуралд ангийн анд Елжас бид 2 оролцож 2-лаа тусгай байр эзэлсэн юм. “Шинэков”-уудын хувьд энэ нь сүрхий том амжилт байлаа. Бас болоогүй манай Елжас эрдэм шинжилгээний хуралд хамгийн анх удаа англиар эрдэм шинжилгээний илтгэл тависан анхны оюутан хэмээн тэнхимийн түүхэнд тэмдэглэгдсэн юм.  Елжас бол бас манай ангийн бахархалууд нэг юм. Тэр маань Ховд аймгийн Ховд сумаас АНУ-ын Georgetown-ний Их сургууль, дэлхийд улс төрийн салбартаа Yale, Harward-ийг ардаа орхин нэгт жагсдаг Williams college хүртэл явж чадсан юм. Удахгүй Елжас маань сургуулиа төгсөөд эх орондоо ирнэ.
            Жил бүрийн Эрдэм шинжилгээний хуралд манай ангийнхан идэвхитэй оролцдог бөгөөд миний бие сүүлд мөрөөдлөө биелүүлж өөрийн бодож явдаг Улс төрийнхөө олимпод “Гутгаар” ангидаа түрүүлж байсан юм.
             Жил бүрийн наадмыг хүлээдэг шиг манай тэнхимийн оюутнууд жил бүрийн Эрдэм шинжилгээний хурлыг хоног тоолон хүлээж өөрсдийгөө бэлддэг билээ.
            Манайхны жишиг”
            Манайхны жишиг гэдэг нь бидний нөхдийн /2008-2012 оны төгсөгчид/ тогтоосон нэгэн жишиг юм.  Биднийг ирэхээс өмнө жил бүрийн намар танилцах үдэшлэг болдог бөгөөд бас тодорхой тогтсон “жаяг”-тай байлаа. Энэ нь үе үеийн 3-р курсынхэн танилцах үдэшлэгийг зохион байгуулдагийг хэлж байгаа юм. Бидний үе ирэхэд хуучин тогтсон нэг газар цугларчихаад, ширээ ширээгээр нь суулгаж, болсон болоогүй хөгжөөнт тоглуулж, архи дарс уудаг байсан жишгийг халахаар шийдсэн юм. Учир нь энэ арга хэмжээ жирийн үед “баар”-анд орж байгаагаас бараг ялгаагүй нэг нэг ширээн дээр сууж, танилцсан ч зүйлгүй бие бие рүүгээ баахан муухай харж анги ангиараа суусаар байгаад дуусдаг тийм арга хэмжээ байлаа.
            Бид энэ арга хэмжээг танилцах үдэшлэгээс “Танилцах өдөрлөг” болгож өөрчилсөн юм. Анх сургуулийн захиргаа, өөрийн тэнхимийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй учирч байсан боловч манайхан нууцаар хийж чадсан юм. Бүхэл бүтэн 2 өдрийн турш тэнхимийн бүх ангиуд хамтдаа салхинд гаран, нэгээс дөрөвдүгээр курсын оюутнуудыг анги ангиар нь биш хольж хувиарлан “холимог” баг үүсгэн хооронд танилцуулж жинхэнэ нэг тэнхим шиг танилцуулдаг болсон юм. Эргээд харахад энэ санаачилсан арга хэмжээ маань их үр дүнгээ өгч тэр 2 өдөр хадгалагдсан уур амьсгал цаашдаа олон жил үргэлжилж манайхан хоорондоо анги, курсын ялгаагүй нөхөрлөх болсон юм. Цаашдаа дүү нар маань энэ “зан үйл”-ийг хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин тэнхимийн эрхлэгч, багш нар маань дэмжиэд өгөөрэй. /инээв/

“Дурсамжийн төгсгөл”
Ёстой нэг л мэдэхэд гэдэг шиг нэг л мэдэхэд төгсчихөөд өнөөдөр дурсамжаа бичээд сууж байна. Их сургуулийн дөрвөн жил ахиад олдохгүй тийм л сайхан дурсамжийг бидэнд үлдээжээ. Саяхан л бие даах төвийн хаах цаг болчихоод байхад гүрийж суугаад Өлзий эгчид гэрэл унтраалган байн хөөгдөж гарж байсан нөхөд өнөөдөр дээд боловсрол эзэмшин өөр өөрийн хүчээр нийгэмдээ хүчээ өргөөд явж байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам манай тэнхимийн үнэ цэнэ мэдэгдэх болно. 60, 70-хан жилийн виз-тэй энэ ертөнцөд ирсэн надад хэрхэн яаж амьдрах аргыг олгож өгсөн цөөхүүлээ боловч олуулаа, олуулаа боловч цөөхүүлээ энэ гэр бүлдээ би, бид хайртай.
Үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид,одоо сурч байгаа дүү нартаа Улс төрийн тэнхимийнхээ 45 жилийн ойн мэндийг хүргэе.

Sunday, August 19, 2012

Арван хоёр оны зун "1"

           Аль хэдийнээ намрын тэргүүн сар гарч шинийн гурвантай золгожээ. Хурим найр ар араасаа хөвөрч, хөдөөх оюутан залуус хотыг зорьж, амралтаа авсан ажилтан, албан хаагчид ажилдаа орцгоож зуны тайван, налгар уур амьсгал бужигнасан, буцалсан байдлаар өөрчлөгдөв
Арван хоёр оны зун гэхдээ урьд урьдах зуны адил тайван, налгар өнгөрсөнгүй. Томоохон үйл явдлууд ар араасаа хөвөрсөн онцгой нэгэн зун боловоо гэж...

               Евро 2012
                
               4 жилд нэг удаа тохиодог хөгшин европчуудын хөлбөмбөгийн аваргаа шалгаруулах тэмцээн энэ зун тохиов. Хуучны манай холбоот улс болох зүүн европын Польш, Украйнд 16 баг 6-р сарын 8-аас 7-р сарын 1-ийг хүртэл нийт 31 тоглолт хийж, 76 гоол оруулан аваргаа тодруулав.  
                   Евро 2012-ийн сургаар зөвхөн Украйн, Польш хөл хөдөлгөөн болсонгүй. Манай улс ч дутах зүйлгүйгээр хэрэндээ хөөрцөглөөд авав. Арай гайгүй байрлалтай гэсэн гудамж талбайд хөлбөмбөг үзүүлэх зориулалттай асар барьцгааж бараг бүтэн сарын турш хар буржгар үстэй хүүхний дуулсан "еэ ээ ээ, өө өө өө Ээндлэс Саамар" гэдэг дууг хангинуулан, хөлбөмбөгийн хорхойтнуудыг цуглуулж байв. Тоглолттой өдөр хотын хөл хөдөлгөөн ер нь үүрийн 05 цаг хүртэл тасар нь гэж үгүй. Яг хоббигоороо хөлбөмбөг үзэж байгаа хэсэг нөхөд байхад, далимдуулж архидан согтуурч байгаа хэсэг нөхөд ч бас байх юм.
                    Тэмцээний үеэр хэд хэдэн залуу гэр бүл түр тар хийж, зарим нь бүр салах дээрээ тулах шахсан гэнэ. Би нэг тохиолдлыг нь мэдэх юм байна. Надтай нэг газар ажилладаг залуу эхнэрээ дагуулан Португалийн тоглолтыг үзэхээр хөлбөмбөгийн асрыг зорьжээ. Учир нь эхнэр нь Кристиан Роналдугийн тоглолтыг үзэх их дуртай гэнэ. Тоглолтын үеэр тайлбарлагч "За Роналду маань энэ намар сүй тавихаар болсон гэнэ" гэж хэлтэл манай нөгөө залуугийн эхнэр үнэхээр харамссан байртай "ӨӨӨӨӨ" гэж уулга алдсан гэжугаа. Тэгэхээр эхнэр бас дотроо горьдлого тээсээр өдийг хүрсэн байх нь :)) 
                     Бас Роналдуд дурласан охидын паян дуусахгүй. Португалийн  тоглолт дуусах үеэр 2 охин маргалдаж, маргааных нь эзэн мэдээж Роналду. Нэг нь муулахаар нь нөгөөх нь өмөөрч л дээ. Тэгээд охид хоорондоо "пого" үсэргэж байх жишээтэй. "Хэрэг явдал"-ын бичлэг интернэтээр нэг тарсан даа. Хамгийн харамсалтай нь хотын соёлтой гэгддэг залуучууд маань салгаж, асуудлыг шийдэх биш эсрэгээрээ охидын зодооныг харан баясаж, бахаа хангаж зарим нэг нь бүр ингэж цохь, тэгж цохь гэж заавар өгч байгаа нь харагдав. Нэгийг бодох л хэрэгтэй. Ёстой л нөгөө лам багшийн хэлдэгээр "сайн бод, сайн бод, хэн та нарт хэлэхийн" гэж хэлмээр байна даа залуус минь.

                     Энэ бүх зодоон, цохион, хэрүүл маргааны эцэст Испанийн шигшээ баг Италийн шигшээ багийг хожсоноор бүтэн сар шахуу хөлбөмбөгөөр амьсгалуулсан Евро 2012 аваргаа тодруулж амар сайхандаа жаргав.

                                                                                үргэлжлэл бий......

Wednesday, June 27, 2012

Дүгнэлтийн өмнө

       18 нас хүрч хуулийн этгээд болсноос хойш яг 4 жил өнгөрчээ...Энэ 4 жилд жирийн монгол залуу Пүрэвээгийн хувьд сурагч, оюутан, боловсон хүчин гэсэн хувь хүний амьдралын хамгийн чухал шилжилтүүдийг хийсэн он жилүүд болон өнгөрсөн байна.
       "Монголд боломж байхгүй" гэж олон залуусын ярьж байхыг сонссон. Би ч бас тэдний нэг байлаа. Гэхдээ энэ бодлыг минь оюутан насны 4 жил өөрчилж өгсөн юм.
        Улс төрийн шинжлэх ухааны салбар бол монголд шинэ салбар, тиймдээ ч манай салбарын төгсөгчид төгсөөд мэргэжлээрээ ажилладаггүй, дам ажил хийх нь элбэг байдаг. Манай багш нар ч эхний хичээл дээр та нарт төгсөөд ажлын байр байхгүй гэж шуудхан бидэнд хэлдэг байлаа. Гэхдээ бид энэ үгэнд нь шантралгүй хийх юмаа хийж, сурах ёстой зүйлээ сурсан.
         Хэзээ ч гараа хумхин ид шидэнд итгэн зүгээр суухгүйгээр ямагт хөдөлмөрлөж байвал үр дүн нь заавал ирдэг гэдэг. Урдахаа хийж, хичээж зүтгэж байсны шагнал болгон надад анхны ажлын санал 2-р курс төгссөний дараа зун ирсэн юм. Ингээд 19 настай Пүрэвээ эрх баригч намын 1-р хэлтэст буюу Намын байгуулалтын хэлтэст хичээлийнхээ хажуугаар  гэрээгээр ажиллах болов. Гэрээт ажилтан 7 сар ажилласны дараа Зүүн бүс хариуцсан зохицуулагч, мөн хэсэг хугацааны дараа хариуцлагатай албанд томилогдов.
         Миний бие яг 14 хоногийн өмнө Их сургуулиа төгсөж ромбо, дипломоо гардаж авсан. Би энд огтхон ч улс төржихийг хүссэнгүй. Миний ажил амьдралын гараа Монгол Ардын Намаас эхэлсэн.Би энд алхам дутамдаа сурч, боловсорч байна. Өөр байгууллагаас эхэлсэн бол мөн л ингээд бичиж суух байсан байх. 
        Би залуу хүн. Бусад улс төрийн намууд ямарыг мэдэхгүй ч, анхан шатнаас нь эхлэж ажиллаж, найз нөхөдтэйгээ хуушуураа хувааж идэн  зүтгэж ирсэн өөрийн ажилладаг Монгол Ардын Намаа маш сайн мэднэ.Тиймдээ ч ийм сонголт хийсэн.
         Өнөөдөр 2012 оны 6-р сарын 27-ны өдөр. Миний өнгөрсөн 4 жилд нойр хоолоо хасч, олон шөнө нойргүй хонож, найз нөхөддөө зарцуулах цагаа зарцуулж хөдөлмөрлөсний үр дүн маргааш гарна.
          Гараа хумхин ид шидэнд итгэн зүгээр суухгүйгээр ямагт хөдөлмөрлөж байвал үр дүн нь заавал ирдэг...


                                                                                         Б.Пүрэвдагва 2012.06.27      /23:08/
        

Friday, June 22, 2012

“Харли сонирхогчидын монголын холбооны анхдугаар цуглаан”


Их хотын залуусын зуны нээлт


Мэдээлэл
Harley сонирхогчидын монголын холбооны зохион байгуулалтаар Монголын Мотоцикль сонирхогчдын холбоо Storm Riders club бусад клуб ууд хамтран  8 дахь жилдээ уламжлал болгон “Харли сонирхогчидын монголын холбооны анхдугаар цуглаан” 06/24-ний Ням гаригт зохион байгуулагдах гэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт мотоцикль эзэмшигчдийн тоо 800 гаруйд хүрээд байгаа бөгөөд Их хотуудын тоонд зүй ёсоор ороод байгаа нийслэлийн залуусын маань амьдралын салшгүй нэг хэсэг, мөрөөдөл болоод байгаа билээ.
Өмнөх жилүүдэд Мото цугларалтынолон сонирхолтой  сезоны нээлтүүдэд  100- 150 аад мотоцикль бүхий залуус, мөн дэмжигч маш олон залуус, үзэгчдийг хамарч зохион байгуулагдаж байсан.

Ерөнхий зохиоын байгуулагч:
Ø  Harley сонирхогчидын монголын холбоо
Дэмжигч:
Ø  Монголын мотоцикл сонирхогчдын холбоо
Ø  Storm riders club болон бусад чопперийн клубууд
Гүйцэтгэгч :
ADMAX  agency 

Оролцогчид: Харли сонирхогчид, бусад бүх төрлийн мотоцикл сонирхогчид

Улаанбаатар хотод нийт 800 гаруй сүүлийн үеийн мотоцикл эзэмшигчид байдаг.Үүнийг төрлөөр нь ангилвал

  • Chopper
  • Bike
  • Cross
  • 4 дугуйт төрлийн мотоциклууд
Энэхүү цугларалтад Улаанбаатар хот оос гадна  Дархан, Эрдэнэт мөн орон нутгаас  мотоцикл сонирхогч залуус ирж оролцдог.


МАРШРУТ

06/24-ны  Ням гарагт Улаанбаатар их хотын залуусын цөс, зүрхийг хөөргөсөн үйл явдал байдаг
Энэ удаагийн “Харли сонирхогчидын монголын холбооны анхдугаар цуглаан” ны арга хэмжээ нь 06 сарын 24 ний Ням гарагт Тусгаар тогтнолын ордны гадаах асарт цугларч, бүртгэлээ хийн аяллаа эхлүүлнэ.

11:00-12:30 - ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДНЫ ГАДААХ АСАРТ цугларч Харли сонирхогчидын монголын холбооноос бүртгэл  хийнэ /хөнгөн зууш/
12:30-13:00 - Нээлтийн арга хэмжээ
13:15-14:45 - Цуваа маршрутыг дагуу явах
- Тусгаар тогтнолын ордон – 5 шар/…..km/
- 5  шар тойрог - Баянхошуу, Телевиз хойгуураа /.. km/
- Телевиз - 3, 4 р  хорооллын эцэс (эх нялхасын хойгуур)
- 3, 4 р  хорооллын эцэс - 4-р дэлгүүрийн уулзвар
- 4-р дэлгүүрийн уулзвар - Сүхбаатарын талбайн зүүн тал
15:15-15:45 - Сүхбаатрын тайлбайд дурсгалын зураг татуулна.
15:45-15:55 - Сүxбаатарын талбай - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
15:55-16:50 - Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод, тарьж, усалгаа хийнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Дүнжингаравын уулзвар
Дүнжингаравын уулзвар - Зүүн дөрвөн зам
Зүүн дөрвөн зам - Оффицеруудын ордон
17:10-17:40 - Оффицеруудын ордон - Монгол шилтгээн
17:40-18:40 - Оройн зоог Гачууртын Монгол шилтгээн /хорхог/
18:40-19:00 - Хөгжөөнт тоглоом
19:00-19:10 Хаалтын ажиллагаа

Monday, April 23, 2012

21 нас

        Миний бие өнгөрсөн 365 хоногийг нэгэн найзтайгаа  өдөр тутам хамтдаа үй зайгүй өнгөрөөжээ. Тэр найзын маань нэр бол "Хорин нэгэн нас". Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч гэдэг шиг энэ л 12-ны өдөр шинэхэн найз минь ирэх 365 хоног надтай найзлахаар хаалгыг минь тогшоод ирлээ.
        Энэ шилжих явцад би хуучин найзтайгаа бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд юу хийж бүтээсэн юм бэ хэмээн цэгнэн сууна.
1. Төрийн бус байгууллага.
     Энэ л 21 насандаа шинээр аваад байсан дүүргийн оюутны байгууллагаа хөл дээр нь босгох шаардлага надад тулгарсан юм. Би, "бид" чадсан. Миний тэргүүлсэн байгууллага нийслэлдээ төдийгүй 21 аймаг, 9 дүүрэгтээ шилдэг байгууллага болж чадсан юм. Би ганц биеэр энэ бүгдийг хэзээ ч хийж бүтээж чадахгүй байсан.  Хэрэв өдөр 4 хуушуур өдрийн хоолондоо идэх ёстой байсан бол 2-ыг нь өөрөө идэж үлдсэнийг нь холбооныхоо ажилд зоруилж, хэрэв найз охин, найз хөвгүүнтэйгээ уулзах байсан бол тэр цагаа холбооныхоо ажилд зарцуулж надтай хамт итгэл, сэтгэл, зүтгэлээрээ хамтдаа байсан анд найз нар, дүү нартаа баярлалаа. Би та хэдийгээ хэзээ ч мартахгүй...









 2 дахь төрийн бус байгууллага бол "Монголын Битлз Клуб" юм. Гэхдээ энэ клубын талаар зөвхөн дурьдаад өнгөрөе.Учир нь тамга тэмдэгээ авсныг эс тооцвол дорвитой зүйл хийгээгүй байгаа.
2. Олон нийтийн арга хэмжээ.
    Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэд хэдэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулжээ. Нэлээд хэдэн ажил байгаа боловч би 2-ыг нь л дурьдмаар байна.
     - Moroojin Indie Dance Party : Энэ бол ганц миний ч биш олон хүмүүсийн хүсч байсан арга хэмжээ байсан гэдгийг тэр сайхан үдшийн дараа мэдсэн. Манай Moroojin lovers club-ын бидний 13 нөхдийн зохион байгуулсан энэ Indie night-аас хойш хааяа нэг болдог байсан сайхан хөгжмийн night-ууд борооны дараахь мөөг шиг олон болсон. Moroojin night-д нийтдээ 500 гаруй амьд хөгжим сонирхогч залуус ирсэн юм. Магадгүй энэ арга хэмжээ энэ чиглэлийн хөгжмийн event-үүд зохион байгуулах боломж бий юм байна гэдгийг залуучуудад харуулсан боловуу. I love rock music !

 - Summertweet 
     20-р зууны дэлхий ертөнцийг тэр чигт нь мэдээллээр хангаж ирсэн мэдээллийн томоохон агентууд болох "БИ БИ СИ", "Ройтерс", "СИ ЭН ЭН" зэрэг мэдээллийн агентлагууд 21-р зуун гарсаар нэгэн өрөвдмөөр ч юм шиг албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Тэр мэдэгдэлд: "Бид дэлхий ертөнцийг өнөөг хүртэл мэдээллээр цаг алдалгүй хангаж ирсэн ч "Твиттер"-ийн мэдээллийн хурдыг гүйцэж чадахгүй болсноо албан ёсоор мэдэгдэе" гэсэн юм.
      Энэ том агентлагуудыг ийм мэдэгдэл хийлгэж чадсан твиттер гэх гайхлыг манай улсын иргэд хэрэглээд багагүй хугацааг үдээд мөчид бидний хэдэн "жиргээч" нөхөд нийлж Зуны жиргээчдын томоохон уулзалтыг зохион байгуулсан юм.
         Монголд энэ мэдээллийн сувгийг сурталчилахад бас багагүй хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон гэж зарим мэдээллийн эх сурвалж дээр энэ арга хэмжээний талаар дурьдсан байсан. 

    бусад зургийг доорхи линкээр сонирхоно уу

3. Боловсрол
    Өөрийн эх орны Их сургууль болох Монгол Улсын Их Сургуулийг 3.5 жилээр төгсөв. 
4. Ажил
     Ажлын хувьд хамгийн их ач холбогдолтой нас болж өнгөрчээ. Учир нь 2010 оны 9 сард гэрээт улс төрийн ажилтнаар орж байсан миний бие 2011 оны 5-р сард Зүүн бүс хариуцсан зохицуулагч болж улмаар 12 сард Ерөнхий нарийн бичгийн туслах болсон билээ. 

   
5. Шагнал, урамшуулал:  
      . Сагсанбөмбөгийн хэд хэдэн тэмцээнд оролцож заримд нь түрүүлж заримд нь удаалжээ. 
        - Баянгол дүүргийн оны шилдэг оюутан
        - НАМЗХ-ны Алтан од шагнал
        - Монголын Оюутны холбооны дээд шагнал зэргээр шагнуулжээ.

  Товчиор сийрүүлэхэд дээрхи дүр зурагтайгаар "21 нас" гэдэг нэртэй надтай 365 хоног "үй зайгүй" найзалсан найз минь надад иймэрхүү байдалтайгаар тусалж, олон зүйлийг бэлэглэжээ.  21 нас надад одоо чи хичээх л үлдлээ хэмээн захисаар яван одов. Би хичээнээ....
  








Saturday, March 24, 2012

Цаг үе, залуус

         90-ээд оны эхэн үед нэг ийм нэртэй нэвтрүүлэг Үндэсний тв-ээр гардаг байсан. Тухайн үедээ асуудал хөндсөн их мундаг нэвтрүүлэг байсан гэдэг. Хөтлөгчид нь одоогийн УИХ-ын гишүүн Алтай тэргүүтэнгүүд шүү дээ. Тухайн үед ярьдаг байсан асуудлууд нь өнөө үед тодорхой хэмжээнд шийдэгдсэн байх. 
         Харин өнөөдөр 2012 онд амьдарч буй залуусд тулгарч буй асуудал, ярих зайлшгүй шаардлагатай сэдэв нь 90-ээд онд амьдарч байсан залуусаас илүү өөр, илүү онцлогтой юм. Тэр үеийн залуус асуудлаа хэлэлцэн шийдэж чадсан. Харин бидний үеийнхэн яаж байна вэ? 
Манай үеийн залуусын дунд сайнгүй харагдаж байгаа дүр зургуудыг өөрчлөхөд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготойгоор өөрсдийн байгаа нөхцөл боломжио ашиглан миний бие найз Болдбаатартайгаа http://www.facebook.com/boldbaatarGankhuyag хамтран ах нарын нэвтрүүлгийн нэрийг зээлэн "Цаг үе, залуус" хэмээх нэвтрүүлгийг Нийслэлийн Улаанбаатах радио 101.7-той хамтран хүргэхээр боллоо. 
  
Цаг Үе, Залуус
нэвтрүүлэг




Дизайн:
Өнгө: Хар хөх суурьтай. Цайвар хөх уусалттай тексттэй.
Лого: “PD and BB” текстээр хийнэ /Пүрэвдагва, Болдбаатар/
Facebook Cover , Social Background ууд нь логогоо агуулсан их хотын цахим нэвтрүүлэг /шоу/ гэсэн утга санааг илэрхийлсэн байна /Хөгжим, кино урлаг, технологи, спорт, нийгэм, урлаг/

Хэрэгцээ шаардлага:
Монгол улсад богино үелзлийн долгионы станцууд /FM/ үүсээд 15 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд FM, радионууд хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн ч ,2000-аад оноос Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас нүүж ирэгсдийн цуваа нийслэл хотын иргэдийн дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг болсноор  FM, радионууд “Их хотын” бус “орон нутгийн” шинжтэй нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг бэлтгэдэг болсон хандлага ажиглагдаж байна. Улмаар энэ нь нийслэл хотын залуусын соёлд шууд нөлөөлж хагас хөдөө, хагас хотын шинжтэй саармаг соёлыг бий болгоод байгаа билээ.
Тиймээс жинхэнэ их хотын /urban/ соёлыг түгээсэн, зөв уур амьсгалтай нэвтрүүлгүүдийг залуусд хүргэх шаардлага бий болоод байна.    

Зорилго:
Шинэ үеийн залуусыг соён гэгээрүүлэх

Хамрах хүрээ:
Нийслэл Улаанбаатар хотын залуус, Гадаадад суугаа мөн Интернэттэй холбогдсон бүхий л монголын залуус/ Social Media, Online Radio /

Фм: 101.7   
....com -> goy.mn/... /Тусгай хуудас, бусад бүх сошиалуудаа агуулна/
facebook.com/   /twitter, youtube, soundcloud агуулсан/
soundcloud.com/    /нэвтрүүлгийн бүх дугаар байршина/
youtube.com/     /видео байршина/
онлайн шууд дамжуулна

Боломж:
ТВ нэвтрүүлэгтэй холбох.
Бусад олон нийтийн нэвтрүүлгүүдтэй хамтран ажиллах, нэгтгэх

Нэвтрүүлгийн хөтлөгчид:
  • Б.Пүрэвдагва  
Улс төр судлаач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Монголын Битлз клубын гүйцэтгэх захирал
  • Г.Болдбаатар
Мэдээллийн Технологийн Мэргэжилтэн, Монголын кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбооны үүсгэн байгуулагч, “The New Media Group”-н олон нийтийн цахим хуудасны маркетер, SMC-н монгол дахь төлөөлөгч

Нэвтрүүлэг:  
Сэдэв
Агуулга
Хамтрах
1
Хөгжим
  • Хөгжмийн боловсрол
  • Сүүлийн үеийн шинэ мэдээллүүд
  • Хамтлагийн танилцуулга
  • Ярилцлага
  • Хөгжмийн микс
  • Эргэн дурсахуй
Хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид, хамтлаг, дуучид, урлаг судлаачид, фен клубууд
2
Кино
  • Кино боловсрол
  • Сүүлийн үеийн шинэ мэдээллүүд
  • Кино шүүмж
  • Кино танилцуулга
  • Ярилцлага
  • Киноны хөгжмүүд
  • Кино бүтсэн түүх
Монголын Кино Шүүмжлэгчдийн Холбоо, Киноны уран бүтээлчид /найруулагч, жүжигчин,продюссер гэх мэт/
3
Нийгэм, улс төр
  • Цаг үеийн байдал
  • Тулгамдаж буй асуудал
  • Сайшаалтай зүйлс
  • Шүүмжлэлтэй зүйлс
  • Асуудлын шийдэл, гарц
Хариуцлагатай албаны хүмүүс, УИХ-ын гишүүд, Салбарын сайд нар,
4
Урлаг
  • Street art
  • Жүжиг
  • Баллет
  • Симфони
  • Театр
  • Бүжиг
Жүжигчид, уран бүтээлчид, найруулагчид
5
Техник технологи, дэвшилтэт медиа
  • Social Media
  • Технологи
  • Интернэт
  • Дэлхий дахины чиг хандлага, мэдээ мэдээлэл
Чиглэлийн төрийн бус байгууллагууд, төлөөлөгчид, идэвхтэн хэрэглэгчид
6
Спорт
  • Сагсан бөмбөг
  • Хөлбөмбөг
  • Киберспорт гэх мэт

Сэдэв болгон дээр нэмээд хаана ямар сонирхолтой арга хэмжээ одоо болж байгаа талаар мэдээлэл хүргэх, төлөөлөгчдөөс ярилцлага авах.