Saturday, March 26, 2011

Imagination destroyer

       Амьдрал гэдэг баян юм. Олон зүйлийг өөртөө агуулдаг төсөөлшгүй том зүйл бололтой. Одоо ингээд бодоход манай нэг эгчийн тун санаашрангуй хэлсэн үг толгой дэлсэх шиг: Ямар ч боловсролын их сургуулийг хэн ч төгсөж чадна. Харин амьдралын их сургуулийг хэн ч төгсөж чаддагүй юм гэж хэлж билээ. Би энэ үгийг хэн нэгэнд бас л бодлогоширонгуй хэлмээр бас сануулмаар байна. 
       Миний бага наснаас төсөөлж байсан ертөнц, амьдрал хэмээх зүйл үргэлж тэр цагаахан төсөөллөөр үргэлжлэхгүй, эсрэгээрээ цаг хугацаа өнгөрөх тусам хараар будагдаж, төсөөллийн замаас минь гажих юм. Гэхдээ ганцаас бусад өөрчлөлт бол юу ч биш.
         Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг миний төсөөлснөөс өөр гэдгийг мэдсэн боловч хамгийн хайртай хүн минь миний бодож байсан нандин бүхнийг өөрчлөх тэр агшин энэ ертөнцийг там болгодог юм байна. Хамгийн муухай нь үүнийг хичнээн өөрчилөх гээд хичээгээд ямар ч хэрэггүй...Хүн туйлын өрөвдөлтэй, энэ бүхэнтэй эвлэрч юу ч болоогүй юм шиг цааш амьдрахаас өөр аргагүй.Хэрэв эвлэрэхгүй бол нэг л зам бий тэр бол үхэл.

Wednesday, March 2, 2011

Монгол улсын Тусгаар тогтнолд Монгол Ардын Намын гүйцэтгэсэн үүрэг


/Эх орончдын 90 жилийн ойд зориулав/

     
         Нэг. Тусгаар тогнол хэмээх ойлголт
         Дэлхий дахин, хүн төрөлхтөн тусгаар тогтнолд үе үеийн шалгуурыг тавьсаар иржээ. Манай эриний өмнөх үеэс манай эриний дундад зууныг хүртэл газар шороотой, хүн амтай, төрт улсыг тусгаар улс гэж үзэж байв. Харин 17-р зуун ялангуяа Вестфалын гэрээ хийгдсэнээр улс орнуудын тусгаар тогтнолыг шинэ маягаар тодорхойлж эхлэв. Вестфалийн гэрээгээр орчин үеийн улс буюу nation-state гэдэг нэр томъёо шинээр бий болов. Nation-state гэдэг нь тодорхой хил хязгаар, газар зүйн хүрээнд оршин суугчдын нийгэм нь улс төрийн төвлөрсөн удирдлагад байж хил дотроо үйлчлэх хууль, тогтоол шийдвэрийг үйлдэн тэр нь хэрэгжиж байна гэсэн үг. Улс орнуудын тусгаар тогтнолыг энэ зарчмаар авч үзэх болсноор суверенитет буюу тухайн улс хичнээн жижиг буурай ч байсан эргэн тойрны улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бол улсын хил дотор төрөөс нь илүү эрх дархтан байхгүй гэж гадаад улсууд үздэг улс төрийн шинэ нэр томъёо гарч ирлээ.
Ямар нэг улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл урган гарч ирдэг. Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг. Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнол нь De facto, De jure гэсэн 2 хэлбэртэй. De facto нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг нөгөө улсын төр хэсэг хугацаанд  “тодорхойгүйгээр” хүлээн зөвшөөрөх хэлбэр. De facto-оор хүлээн зөвшөөрөх нь шинэ дэглэмийн тогтвортой байдлыг болон бусад харилцаагаа өргөжүүлэх практик шийдвэрүүдийг баталгаажуулдаг. Гэхдээ улсын төрийн дэглэм буюу засаглал нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй болохоор De jure болон дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх нөлөөтэй байж чаддаггүй. De jure нь нэг улсыг нөгөө улс нь албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэлбэр. De jure-гээр хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд жирийн дипломат харилцаатай байх нот солилцон тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршдог. 
         Хоёр. Монгол улсын тусгаар тогтнол
         Хятадыг эс тооцвол хэн ч үл мэдэх нүүдэлчин, малчин ард түмэн 1206 онд “Их Монгол” улсыг байгуулсан билээ. Энэ улсыг дундад зууны үеийн тусгаар тогтносон улсын шалгуураар аваад үзвэл өөрийн газар нутаг, хүн амтай туурга тусгаар улс мөнөөс мөн байв. Түүгээр ч зогсохгүй 200 жилийн турш дэлхийг байлдан дагуулж, өөрийн сүр хүчээр Их Монгол улс бусад улсад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байсан нь бэлхнээ орчин үеийн бусдад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улсын шинжийг агуулж байлаа.
        1691 онд Ар Монгол Манж Чин династид дагаар орсноор 1206 онд байгуулагдсан Их Монгол улс тусгаар тогтнолоо алдсан юм.
      200 гаруй жил Манж Чин династийн эрхшээлд байсан Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж чадсан боловч 1915 онд хөрш зэргэлдээ хоёр их гүрэн эчнээ тохиролцож, Монгол улсын тусгаар тогтнолыг устгав.
XX зуун. Энэ зууны эхэнд Монгол орон орших, эс оршихуйн дэнсэн дээр байв. Өрнөдийн судлаачид “ Монгол орон бидний нүдний өмнө мөхөж сөнөж байна. Монголчуудын урьдын дайчин байдал бүрмөсөн алдарч, амьдралынхаа төлөө идэвхитэй идэвхитэй тэмцэл явуулах хүсэл эрмэлзлэл нь мөхжээ. Хүн төрөлхтний хойч үе Монгол гэж ямар улс байсныг зөвхөн түүхийн шарласан хуудаснаас л олж мэдэх болно.” гэсэн онош тавьчихаад байв. Байдал үнэхээр ноцтой байлаа.
     XX зууны эхэнд ар Монгол феодал хамжлагат ёс ноёрхсон, Манж Чин улсын хоцрогдсон бөглүү хязгаарын нэг  байлаа.
      Улс орны эдийн засгийн үндсэн салбар нь олон зууны турш улиран ирсэн нүүдлийн мал аж ахуй байв. Зарим нутагт бага сага тариа тарьдаг байсан боловч тэр нь мал аж ахуйн хавсарга төдий байсан бөгөөд эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөгүй байлаа. Үндэсний аж үйлдвэр хөгжөөгүйгээр үл барам гар үйлдвэр ч мал аж ахуйгаас тусгаарлан биеэ дааж чадаагүй байв.
      Цахилгаан эрчим хүч, холбоо авто тээвэр, засмал замын тухайд бараг дуулснаас цаашгүй гэхэд хилсдэхгүй. Тэмээн жин, морин өртөө бол тухайн үеийн дэд бүтцийн үндсэн зураг болж байв.
      Орчин цагийн боловсон эмнэлэг байсангүй. Хүн ам нь нийгмийн халдварт өвчинд онц ихээр нэрвэгдсэнээр нөхөн үржил нь үндсэндээ зогссон байлаа.
      Ард, феодал гэсэн хоёр анги тэр үеийн нийгмийн бүтцийг бүрдүүлж байв.
      Монголын ард түмэн XX зууны эхэнд Манжийн хааны 27 зүйлийн хүнд хүчир албыг нуруундаа үүрч байв. Хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд төдөх тухайн үеийн Монголын албаны өр нь 14 сая лан мөнгө болж байсан нь ардын нэг өрхөд 100 гаруй лан мөнгө ноогдож байв.
    Феодалын давхар давхар алба гувчуур, хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдийн тэсэхүйеэ бэрх мөлжлөгтэй хослох болсноор ард олны амьдрал жилээс жилд ядууран доройтож, олонхи  нь үгүйрч хоосрохын туйлд хүрсэн байлаа. 1918 онд Түшээт хан аймгийн Эетэй засгийн хошуунаас Шүүх яаманд өргөсөн бичигт “ Гэр бүр үгээгүй, хүн бүр өлсгөлөн болж, шууд өлбөрөн үхэхээс өөргүй болсон.” гэх зэргээр дурдсан нь тухайн үеийн нийтлэг дүр төрхийн илэрхийлэл мөн.
    1919 оны эцсээр Хятадын түрэмгий цэрэг Монголын автономит эрхийг цуцлав.
    1920 онд Оросын Цагаантны салбар ангиуд цөмрөн орж ирснээр Монгол орон бүхэлдээ харийн түрэмгийлэгчдийн хөлд талхлагдаж, хүн ард нь тэсэхүйеэ бэрх зовлонд нэрвэгдэж, аж ахуй нь сүйрэн унаж, монголчууд үндэс язгуураа алдах аюул тулгарав.
           
    Гурав. Монгод Ардын нам байгуулагдсан нь
    Дээрхи нөхцөл байдал эх оронч Монгол хүн бүхнийг эмзэглүүлэв. Хүн бүхэн үндэсний тусгаар тогтнолоо хэрхэн сэргээхийг бодолхийлэх болсон тэр цагт хүчээ нэгтгэхийн тул  нийгмийн анги, давхаргын идэвхитэй хүмүүс санаачлан нэгдэж бүлэг болж байв.
       Хүрээний нууц бүлгийнхэн 1920 оны хавраас харилцан бие биеэ мэдэлцэж хамтран ажиллах болсноос хойш ажил нь нэлээд өргөн хүрээтэй болжээ. Нууц бүлгийн гишүүд, хятадын түрэмгийлэн эзлэгчид ба тэдэнтэй хуйвалдсан феодалуудын урвагч ажиллагааг илчлэхийн хамт эсэргүүцэн тэмцэхийг ард олонд уриалсан ухуулах хуудас тарааж, энд тэнд наах, хятад цэргийн байдлыг тагнах, буу зэвсэг цуглуулах, зэргээр маш нууц ажиллаж байжээ.
       Монголын тэмцэгчид хүчээ нэгтгэж тусгаар тогтнолоо олж авахын учир 1920 оны 6-р сарын 25-нд Зүүн хүрээний болон Консулын дэнжийн 2 бүлгийн хамтарсан нууц хурлыг хийж улс төрийн нэгэн байгууллага болж нэгдсэнээр “Монгол Ардын Нам” бий болов. Энэ хурлаар “Намын Тангаргын бичиг”-г баталсан юм. Тангаргын бичгийн 1-р зүйлд, “Монгол Ардын Намын зорилтыг заахдаа: Шашин, үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу доод ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод үүргийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно.” гэжээ. Намын үүсгэн байгуулагчдаас дурьдвал Д.Бодоо, Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамъян, С.Данзан, Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дугаржав, Д.Сүхбаатар нар болно. Тэд зорилгоо биелүүлж чадсан.
Дөрөв.  МАН 1921 оны Хувьсгалын ялалтын төлөө, Тусгаар тогтнолын  төлөө
МАН байгуулагдсан цагаасаа үндэсний тусгаар тогтнолоо сэргээх тэмцэлд Монголын нийгмийн бүх дэвшилт хүчнийг нэгтгэн удирдах үүргийг хүлээж, үндэсний ардчилсан хувьсгалын манлай хүчин болов.
1921 оны 3 дугаар сарын 13-нд МАН-ын Төв Хорооны гишүүд, намын гишүүд болон Ардын журамт цэрэг, олон хошуу шавийн ард олны төлөөлөгчдийн хамтарсан хурал болж Ардын Түр Засгийн газрыг байгуулсан нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, хувьсгалт өөрчлөлт хийх хүчирхэг байгууллага болов.
МАН, АТЗГ-аас Ардын журамт цэрэг гэж нэрлэхээр тогтсон Ардын намын цэрэг, ЗОУ-ын Улаан армийн тусламжтайгаар эх орноо Хятадын гамин, Оросын цагаантнаас  цэвэрлэх тэмцлийг амжилттай өрнүүлж, 1921 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэл Хүрээг чөлөөлөн, засгийн эрхийг шилжүүлэн авснаар үндэсний ардчилсан хувьсгал ялж, Монгол улсын шинэ сэргэн мандалтын эхлэлийг тавив.
1921 оны 3 сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, Хятадын гамин цэрэг монгол орноос зугтаж гарав.
1921-1922 ардын журамт цэрэг, Улаан армийн ангиудын хатм Оросын цагаантнуудыг бут цохин эх нутгаа харийн дайснаас цэвэрлэв.
Ийнхүү МАН Монгол улсынхаа тусгаар тогтнолыг дахин сэргээж орших, эс оршихуйн дэнсэн дээр байсан Монгол орноо аварч чадлаа.
Тав.МАН (МАХН) Төр улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө
Монгол улсыг туурга тусгаар улсын зэрэгт хүргэх нь шинээр айл гэр барьж байгаатай агаар нэгэн буй. Монгол ардын нам улс орноо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туурга тусгаар улс болгох том зорилтыг урдаа тавьж эхнээс нь эхлэн бүгдийг нэгд нэгэнгүй хийж эхэлсэн билээ.
1939 онд Халхын голд Монгол ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн зэвсэгт хүчний хамт монгол орны тусгаар тогтнолд заналхийлсэн Японы милитаристуудыг бут цохиж тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалав. МАН (МАХН) дахин улс орноо харийн  түрэмгийлэгчдээс авран тусгаар тогнолынхоо эзэн нь байж чадлаа.
1945 онд Японы эсрэг дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчин ЗХУ-ын Улаан армийн анги нэгтгэлүүдийн хамт оролцон, Алс дорнодод энх амгалан байдал тогтооход хувь нэмрээ оруулсан нь Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан, олон улсын нэр хүндийг нь дээшлүүлэв.
1945 оны 9 сарын 21-нд “Referendum буюу бүх нийтийн санал асуулгаар нийт ард иргэд өөрийн улсыг “Тусгаар тогтносон улс” гэж баталснаар олон улсын хэмжээнд тусгаар тогтнолоо баталгаажуулсан үйл явдал болов.
1961 оны X сарын 27-нд БНМАУ томоохон шалгуурыг давж НҮБ-н бүрэн эрхт гишүүн болов. БНМАУ-г дэлхийн хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь  энэ байв.
МАН (МАХН) тусгаар тогнолоо бэхжүүлэхэд дээрхи томоохон үүргүүдийг гүйцэтгэсэн бөгөөд энэ бүхнийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд улс орондоо:
1.    Боловсрол: Улс орныг оршин тогтнох томоохон баталгаа бол ард иргэдийн боловсрол байдаг билээ. 1920-оод онд хүн амын 1 хүрэхгүй хувь нь үндэсний бичгээ мэдэж байв. МАХН-ын II их хурал бага насны хүүхдийг сургуулиар сургах, төрөлх хэлээр шинжлэх ухааны ном зохиолыг орчуулан хэвлүүлэх, шинээр зохиохыг заасан. МАХН-ын III их хурал хүн амын бичиг үсэгт сургах, бага дунд сургуулийг олшруулах шийдвэр гаргасан байна.
       1921 онд анхны бага сургууль, 1923 онд анхны дунд сургууль байгуулагдав. Гадаад орнуудад хүүхэд залуучуудыг суралцуулж эхлэв. Насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажил өрнөж, 1950-д оны сүүлээр бүгдээр бичигтэн болов. Ясли цэцэрлэгүүд шинээр үүсэн бий болов. 1989 он гэхэд 10-аас дээш насны 1000 хүний 882 нь ямар нэг шатны боловсролтой болжээ.
      1940-өөд оноос дээд боловсролтой мэргэжилтнүүдийг дотооддоо бэлгэж эхлэв. 1942 онд МУИС байгуулагдсанаас хойш ХААИС, УБИС, ТИС, АУИС болон бусад олон дээд сургууль, техникум, техник, мэргэжлийн сургуулиуд байгуулагдсан юм.
      Боловсролын салбарь хийсэн  шинэчлэлүүдийн үр дүнд хүн амын 1 хувь хүрэхгүй бичиг үсэгтэй байсан монголд үндэсний сэхээтний бүхэл бүтэн арми үүсчээ. 1990 он гэхэд УААА-д боловсролтой 73,9 мянга, тусгай дунд боловсролтой 90,1 мянган мэргэжилтэн ажиллаж байв
2.    Шинжлэх ухаан: Ардын нам засаг шинжлэх ухааныг хөгжүүлэх, оньсон техник эзэмших асуудалд хувьсгалын бүр эхнээс анхаарал тавьсны үр дүнд үндэсний шинжлэх ухаан хөгжсөн юм. 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдав. Улсын биологи, геологийн нөөцийг судлах нөр их ажил хийгдэж, шинэжлэх ухааны материаллаг бааз буй болов. 1990-ээд он гэхэд доктор болон дэд эрдэмтдийн тоо 2000-д хүрсэн байлаа.
3.    Эрүүл мэнд: Тусгаар тогтносон улсын үндсэн шалгуурын нэг нь хүн ам. Хүн амын эрүүл мэндийн асуудал ноцтой асуудал юм. 1921 оноос өмнө хүний дундаж наслалт 37, эхчүүдийн 16-19 хувь нь төрөх үедээ, төрсөн хүүхдийн 50 хувь нь нэг нас хүрэлгүй энддэг байжээ. Насанд хүрэгчдийн 40 хувь нь өнгөний халдварт өвчтэй байв. МАХН-ын II их хурал: “...Бас олон ард элдэв зүйлийн халдварт өвчин, шарх тэргүүтнээс үлэмж гэмтэж бүхий учир хүн эмнэлгийн явдлыг хүндэтгэн үзэж, тарилга, цэвэрлэгээ, үнэ төлөөсгүй эмнэлгийн орон байх байгуулах зэргийг эрхэм болгосугай.” хэмээжээ.  
Шинжлэх ухааны эмнэлгийг цоо шинээр бий болгож, 1990 он гэхэд 10000 хүнд их эмч 29, 126 эмнэлгийн ор ногдох болов. Хөдөө эмнэлгийн үйлчилгээний сүлжээ бий болон, нийгмийн халдварт өвчин устаж, хүн ам эрүүлжин, 37 байсан дундаж наслалт 90-ээд онд 65 хүрэв.
4.    Олон улс тив, дэлхийд ялангуяа шинэ тутам сэргэсэн улс орны хувьд орноо сурталчлан таниулах нэг том салбар бол “Биеийн тамир, спортын салбар” юм.  МАХН-ын III их хурлын шийдвэрийн дагуу биеийн тамирын хичээлийн сургалт явуулж, 1925 оноос биеийн тамир спорт хөгжих эхлэл тавигджээ.
1960-д оноос Монгол улсын тамирчид тив дэлхийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцох боллоо. Өдгөө Монгол улсын спортын салбар дэлхийд өөрийн гэсэн байр суурийг бэлхнээ бий болгож тэр хэмжээгээр монгол улсын нэр хүнд дэлхийд өндөр байна.
5.    Соёл урлаг: Монгол үндэсний хэв маягаа хадгалсан үндэсний соёл, урлаг шинэ шатанд гарсны дээр орчин үеийн урлагийн бүхий л төрөл зүйл амжилттай хөгжив.
6.    Аж үйлдвэр, ХАА: Улс орны тусгаар тогтнолыг бүрдүүлэгч нэгэн зүйл бол эдийн засгийн хараат бус байдал юм. Биеэ даасан эдийн засагтай байхын тулд “Аж үйлдвэр” өндөр хөгжсөн байх шаардлагатай.
1920-иод оны Монгол гар ажиллагаатай хэдхэн тооны үйлдвэртэй, үндсэндээ МАА-н орон байв. 1923 онд НТХ “эдийн засгийн бодлого” хэмээх баримт бичигтээ аж үйлдвэрийн газруудыг үүсгэн хөгжүүлэх зорилт дэвшүүлж байв. 1930-1934 онд цахилгаан станц, ноос угаар, арьс шир боловсруулах, эсгий болон савхин гутал хийх фабрик, цэмбэний үйлдвэр бүхий аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар орчин үеийн аж үйлдвэрийн суурь тавигдав. 1960, 1970, 1980-аад онуудад Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн төвүүд шинээр бий болов. Дулааны том том цахилгаан станц байгуудагдаж, 1966 онд төвийн эрчим хүчний нэгдсэн систем буй болов.
      Уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэв. 1990 он гэхэд малын тоо 3 дахин өсч, шинээр гахай, тахиа, зөгийн аж ахуй үүсч хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах болов.
      Хувьсгалын эхэн үеэс тариалангийн ажлыг өргөжүүлж, техник нэвтрүүлж эхэлсэн ба 1960-аад оноос атар газрыг эзэмшиж гурилын хэрэгцээг дотооддоо хангах болов. Ингэснээр газар  тариалан ХАА-н бие даасан салбар болов. 1990 он гэхэд нэг  хүнд дотооддоо үйлдвэрлэсэн үр тариа 346 кг, төмс 63,2 кг, ногоо 20,1 кг оногдож байлаа. Хүн амын тоо 1960 оноос хойш 2 дахин өссөн байхад нэг  хүнд оногдох бүтээгдэхүүн ихээхэн нэмэгдсэн байлаа.
Дээр дурьдсан бүхий  л ололт амжилт нь XX зууны эцсээр Монгол оронд хэрэгжиж эхэлсэн ардчилал, шинэтгэлийн шинэ гарааны таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.
       Зургаа.Дүгнэлт
       Эцэст нь дүгнэн хэлэхэд: Бусдын колони байсан монгол орон бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болон хувирч, дэлхийн хамтын нийгэмлэгт байр сууриа баттай эзлэв. 1990-ээд онд Монгол улс нийгмийн янз бүрийн байгуулалтай 100 шахам оронтой дипломат харилцаа тогтоож, тэр бүхэнтэй улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжүүлж ирсний зэрэгцээ олон улсын 60 гаруй байгууллагын гишүүн болсон байна.
           Монгол Ардын Нам (МАХН) Монгол орноо дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс болгох зорилго, үүргээ амжилттай гүйцэтгэсэн билээ. Өнөө үед ч МАН (МАХН) улс төрийн хариуцлагатай туршлагатай хүчиний хувьд ачааны хүндийг үүрч Монгол улсынхаа төлөө өөрийн үүргийг хариуцлагатайгаар биелүүлсээр байна.