Амьдрал эхлүүлж байгаа , эхлүүлэх гэж байгаа бүх найз нар, дүү нартаа
Бидний амьдрал бол тэр чигээрээ хамтын амьдралын түүх юм. Энэ бүхний суурь шалтгаан нь хайр юм. Бид хайрын мөн чанарыг сайн мэддэггүй, ойлгоогүйгээс болж гэр бүл салалт, хардалт, өс хонзон бий болж мөн хосууд бие биенээ зовоож, нэгнээ хэмлэж амьдралыг бардаг. Амьдралд ийм бараан жишээ захаас нь эхлээд дурьдахад маш элбэг.
Хамгийн эхэнд "хайр бол дээд зэргийн хүлээн зөвшөөрөлт юм."
Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн л бол хүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүнд маш олон хэрэгцээ байдаг бөгөөд энэ бүхнийг хувь хүн ямар нэгэн байдлаар хангаж ирдэг. Тийм ч учраас хүн болгонд өөр өөрийн гэсэн түүх байдаг. Хамтын амьдрал зохиож, хамт амьдрахаар шийдэж байгаа хосууд энэ түүхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамтын амьдрал 3-3 жилийн давтамжаар "цикл" маягаар үргэлжилдэг. Энэ давтамжийн уналтын үед юу тохиолддог вэ гэхээр хүн өөрийн мэдэлгүй өмнөх ганцаар амьдарч байсан хэмнэл, дадал зуршлаа санагалзаж эхэлдэг. Мэдээж энэ бүхэн нь хамтын амьдралын хэв маягтай зөрчилдөж эхэлж, нэг нэгнийхээ өмнөхийг ухаж бие биенээ хардаж эхэлдэг байна. Энэ давтамжийг давж чадаагүй нь ялагдаж, давж чадсан нь ялагч болдог.
Хайр бол дасан зохицох процесс. Ер нь чиний эхнэр, нөхөр, найз залуу, найз охин чиний сэтгэл зүрхэнд үнэ цэнэтэй байвал хэнд ч хэн ч байж болно. Гол нь чамд л хамгийн үнэ цэнэтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бид хүний нүдээр дэргэдхээ харж өөлж гоочилж, хардаж бие биенээ гомдоодог. Зөвхөн өөрийн сэтгэл зүрхний үнэ цэнээр л тэр хүнээ хайрла.
Хайр бол субьектив. Гэхдээ гол баталгаа нь обьектив юмаа. Энэн дээр бид бас алддаг. Бид хэтэрхий субьектив байдаг. Жишээ нь би түүнд хайртай гэж амаараа хэлж, тархиндаа боддог боловч, яг амьдрал дээр тэрийгээ обьектив байлгаж чаддаггүй, хайртай гэдгээ батлахад шаардлагатай халамж, сэтгэл, түүндээ үйлчлэх зүйлүүдээ биелүүлж чаддаггүй, зүгээр л тархиндаа бодчихдог. Бодох хангалтгүй, хийж гүйцэтгэ. Яг л ажлаа хийдэг шигээ.
Юм бүхний эхлэл хүн өөрөө, юуг яаж хүлээж авч байгаа нь хамгийн чухал. Хамтын эхлэл эхлүүлсэн хувь хүн өөрийнхөө хүслээр биш та 2 өөрсдийн хүслээр амьдар. "Өөрийн биш өөрсдийн"
Хүн ер нь жаргах гэж амьдардаг учраас бие биенээ битгий зовоо, бие биенээ гомдоохоор үг хэлэх гэж байгаа бол хэлээ хаз. Өнгөрснөө биш, одоогоо үнэлж амьдар.
Уучил, хүлээн зөвшөөр, бие биендээ итгэ, хайрла, жаргацгаа !
Б.Пүрэвдагва