Sunday, August 19, 2012

Арван хоёр оны зун "1"

           Аль хэдийнээ намрын тэргүүн сар гарч шинийн гурвантай золгожээ. Хурим найр ар араасаа хөвөрч, хөдөөх оюутан залуус хотыг зорьж, амралтаа авсан ажилтан, албан хаагчид ажилдаа орцгоож зуны тайван, налгар уур амьсгал бужигнасан, буцалсан байдлаар өөрчлөгдөв
Арван хоёр оны зун гэхдээ урьд урьдах зуны адил тайван, налгар өнгөрсөнгүй. Томоохон үйл явдлууд ар араасаа хөвөрсөн онцгой нэгэн зун боловоо гэж...

               Евро 2012
                
               4 жилд нэг удаа тохиодог хөгшин европчуудын хөлбөмбөгийн аваргаа шалгаруулах тэмцээн энэ зун тохиов. Хуучны манай холбоот улс болох зүүн европын Польш, Украйнд 16 баг 6-р сарын 8-аас 7-р сарын 1-ийг хүртэл нийт 31 тоглолт хийж, 76 гоол оруулан аваргаа тодруулав.  
                   Евро 2012-ийн сургаар зөвхөн Украйн, Польш хөл хөдөлгөөн болсонгүй. Манай улс ч дутах зүйлгүйгээр хэрэндээ хөөрцөглөөд авав. Арай гайгүй байрлалтай гэсэн гудамж талбайд хөлбөмбөг үзүүлэх зориулалттай асар барьцгааж бараг бүтэн сарын турш хар буржгар үстэй хүүхний дуулсан "еэ ээ ээ, өө өө өө Ээндлэс Саамар" гэдэг дууг хангинуулан, хөлбөмбөгийн хорхойтнуудыг цуглуулж байв. Тоглолттой өдөр хотын хөл хөдөлгөөн ер нь үүрийн 05 цаг хүртэл тасар нь гэж үгүй. Яг хоббигоороо хөлбөмбөг үзэж байгаа хэсэг нөхөд байхад, далимдуулж архидан согтуурч байгаа хэсэг нөхөд ч бас байх юм.
                    Тэмцээний үеэр хэд хэдэн залуу гэр бүл түр тар хийж, зарим нь бүр салах дээрээ тулах шахсан гэнэ. Би нэг тохиолдлыг нь мэдэх юм байна. Надтай нэг газар ажилладаг залуу эхнэрээ дагуулан Португалийн тоглолтыг үзэхээр хөлбөмбөгийн асрыг зорьжээ. Учир нь эхнэр нь Кристиан Роналдугийн тоглолтыг үзэх их дуртай гэнэ. Тоглолтын үеэр тайлбарлагч "За Роналду маань энэ намар сүй тавихаар болсон гэнэ" гэж хэлтэл манай нөгөө залуугийн эхнэр үнэхээр харамссан байртай "ӨӨӨӨӨ" гэж уулга алдсан гэжугаа. Тэгэхээр эхнэр бас дотроо горьдлого тээсээр өдийг хүрсэн байх нь :)) 
                     Бас Роналдуд дурласан охидын паян дуусахгүй. Португалийн  тоглолт дуусах үеэр 2 охин маргалдаж, маргааных нь эзэн мэдээж Роналду. Нэг нь муулахаар нь нөгөөх нь өмөөрч л дээ. Тэгээд охид хоорондоо "пого" үсэргэж байх жишээтэй. "Хэрэг явдал"-ын бичлэг интернэтээр нэг тарсан даа. Хамгийн харамсалтай нь хотын соёлтой гэгддэг залуучууд маань салгаж, асуудлыг шийдэх биш эсрэгээрээ охидын зодооныг харан баясаж, бахаа хангаж зарим нэг нь бүр ингэж цохь, тэгж цохь гэж заавар өгч байгаа нь харагдав. Нэгийг бодох л хэрэгтэй. Ёстой л нөгөө лам багшийн хэлдэгээр "сайн бод, сайн бод, хэн та нарт хэлэхийн" гэж хэлмээр байна даа залуус минь.

                     Энэ бүх зодоон, цохион, хэрүүл маргааны эцэст Испанийн шигшээ баг Италийн шигшээ багийг хожсоноор бүтэн сар шахуу хөлбөмбөгөөр амьсгалуулсан Евро 2012 аваргаа тодруулж амар сайхандаа жаргав.

                                                                                үргэлжлэл бий......