"Зүгээр суугаагүй л бол үр дүн нь заавал гарна."
Тиймээ зүгээр л сууж болохгүй энэ үгсийг би ээжийнхээ үйл хөдлөлөөс мэдээ орсон цагаасаа эхэлж яс махандаа шингэтэл ойлгож авсан. Тиймээс ч 10 жилдээ зуны амралтаа хэзээ ч зүгээр өнгөрөөхгүйг хичээдэг байлаа. Оюутан болчихоод ч тэр.
Сурагч байхдаа бол хуушуур зарж ч үзэж байсан. Ер нь манай үеийнхэн бол энэ улс орны эдийн засгийг босгох гэж аль 10 настайгаасаа машин угааж, тэрэгтэй ундаа зарж, бууз хуушуур зарж өссөн сүрхий нөхөд байдаг юм. :)
Их сургуулийн 1-р курсээ төгссөний дараа дээд боловсрол эзэмших гэж байгаа оюутан хүн зөөгч юм уу эсвэл ямар нэг биеийн хүчний ажил хийгээд явж байх нь нэг л таалагдсангүй. Магадгүй оюутан болоод бас бус зүйл уншаад бодол санаа өөрчлөгдсөнийх байх. Тэгээд мэргэжлийн дагуу ажил хайж гарав. Манай монголд оюутан хүн ажил олж хийх ялангуяа мэргэжлийн дагуу ажилд орох тун хэцүү. Гэхдээ хайсаар байгаад л зуны 3 сар огт танихгүй өмгөөлөгчийн туслахаар ажилахаар болсон юм. Энэ бол миний албан тасалгаанд ажил хийсэн анхны тохиолдол байсан юм. Өмгөөлөгчийн туслахаар ажилласан 3 сард бичиг цаастай хэрхэн харьцах мөн хуулийн талаархи мэдлэгээ овоо гайгүй болгосон.
2-р курсээ төгссөн зун сэтгэлгээ болоод чадвар ч арай өөр болсон байсан. Бичсэн бас бус жаахан юмтай. Хүнтэй уулзахад хүртэл жаахан юм ярьчих түвшинд очсон байсан учир яг өөрийн мэргэжлийн салбар руугаа ойртох зорилго энэ зун тависан юм. Тэгээд эрэлд гарч эхлэв. Энэ эрлийн сургийг 2009 оны намар JCI-н чуулганаар сайн дураар ажиллаж байхдаа танилцаж байсан тухайн үеийн JCI Mongolia-ын ерөнхийлөгч Болорчулуун ах маань гаргаж өгсөн юм. Надад 2 хүний утасны дугаар өгсөн бөгөөд тэр 2 эрхэм 2лаа улс төрийн хувьд 2 өөр улс төрийн намынх байсан. Эхний хүн нь манжлаад өнгөрсөн бөгөөд 2 дахь эрхэмтэй нь уулзаж чин хүслээ хэлж танилцсанаар туршилтаар 2 сар судалгаа хийхээр болов. Судалгааны ажил 8 сарын сүүлч хэсэгт дууссан юм. Судалгаа дууссаны дараа дарга намайг хүлээн авч уулзаад нарийн бичгийн дарга руу дагуулж орон чамайг намын төв аппаратад ажиллуулна хичээлийнхээ хажуугаар "parttime" маягаар ажиллаж чадах уу хэмээн асууж энэ асуултанд би тийм гэж хариулснаар миний хөдөлмөрийн анхны гэрээ хийгдсэн юм. Энэ гэрээгээр 16 сар ажиллах хугацаанд сургуулиа хугацаанаасаа өмнө төгсч, ажлын хувьд чамлахааргүй зүйлийг хийсэн нь ажлын баяртай санал хүлээж авч шинэ хөдөлмөрийн гэрээ хийх суурийг тавьжээ. Анхны хөдөлмөрийн гэрээгээ байнга хадгалж явах болно.
Галт тэргэнд суухад тасалбар авдагтай адил амьдралын эхний өртөөнд хүрэх тасалбар энэ гэрээ байж...Одоо дараагийн өртөөний тасалбарыг авсан учир хичээх л үлдлээ...
Б.Пүрэвдагва