Sunday, November 20, 2011

Улс төр өсвөр наснынхны нүдээр...

          
         Миний бие бакалаврын зэргийг авахын өмнөх багшлах дадлагыг 21 хоногийн хугацаанд Нийслэлийн 2-р дунд сургууль дээр хийж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт 10-р ангийн хүүхдүүдэд "Нийгмийн тухай мэдлэг" хичээлийн хүрээнд "Улс төр гэж юу" сэдвээр хичээл заалаа. Одоогийн 10-р ангийн хүүхдүүд  дунджаар 15 настай хүүхдүүд, тэдний улс төрийн талаархи ойлголт тун сонирхолтой. Хэдий 15-хан настай ч нийгэмд буй улс төрийн талаархи сайн, муу, баяртай, бухимдалтай, зөв, буруу бүхий л ойлголт тэдэнд бий. Хичээлийн эцэст "Улс төр гэж юу вэ?" тэднээс асуун цаасан дээр хариулт авсан юм. Хариултууд нь тун сонирхолтой...
                     
           "Улс төр гэдэг нь нийгэмд тулгарч байгаа асуудлыг шийдэх тушаал гаргадаг хүмүүс. Улс төр бол ерөнхийдөө Пирамид гэсэн үг. Хөрөнгө мөнгөтэй нь дээшээ явж, ухамсар муутай нь доошоо болсон цаг. Тийм болохоор пирамид."    
                                                                                                                                           10а анги Б.И

              Улс төр нь нийгмийг бүхэлд нь удирдаж чадахуйц бүхэллэг тогтолцоо юм. Энэ тогтолцооны гол багана нь эрх мэдэл гүйлгээ ухаан юм.
                                                                                                                                           10а анги Д.А

                Улс төр гэдэг нь юуны тулд улс гэдэг нэр байгаа билээ тийм учраас улс орноо хамгаалж хөгжүүлэх дээдлэн дэвшүүлэх улс төрийн баримтлал байх ёстой. 
                                                                                                                                             10а анги Н.Ш

Friday, November 4, 2011

Миний хүүгийн сурлагын дэвтэр

  
       2008 онд анх оюутан болоод нэг ч дүн тавигдаагүй сурлагын дэвтэр /кинишк/ дээрээ эхний семистрт орсон 4 хичээлийн "A" дүн тавиулчихаад хол байгаа аав руугаа залгаж оюутны анхны семистрийн тайлангаа тайлагнасны дараа ааваас минь нэг захиа ирсэн юм. Захианд: Миний хүүгийн сурлагын дэвтэр гэж гарчиглан:
                               
                    Сурлагын дэвтэр
                    Суу алдраа цуурайтуулан
                    Сугарч гарах гарааны гэрэгэ
                    Эрдэмийн их далайгаас
                    Эрдэнэс түүүсэн гарааны гэрэгэ
Сурлагын дэвтэр
Эрдэмтэн багш нарын шүүлгийн дүн
Эзэн хүний мэдлэгийн шалгавар
Идэвхи хичээл зүтгэлийн шагнал
Их замын гарааны гэрэгэ
                  Сурлагын дэвтрээс
                  Өнө холын ирээдүй нь гэрэлтэж
                  Олноо түүчээлэх оюун нь тодорно
                  Өвөөгийнх нь ухааны цараа гялалзана
                  Өндөрт гарах оргил нь харагдана
Сүлд тугаа өргөн хүүгээ даатгъя
Сүү өргөн мялааж нутагт нь залбиръя
Тэнгэр бурхандаа хүүгээ даатгъя
Тэрсүүдийг нь хааж тахил өргөн сүсэглье
                    Хүний үрсээс хоцролгүй
                    Хүрэх хүслээ биелүүлээрэй
                    Эрдмийн далайгаас хичээнгүйлэн суралцаж
                    Энэ биеэ чимж яваарай
                                                                                  2009.01.03
гэсэн урам өгч, хүч нэмсэн шүлэг ирсэн юм. Аавын минь өгсөн энэ их урам 1,2,3-р курсд онц сурахад маш том нөлөө үзүүлсэн. Энэ жил би төгсөх курсын оюутан энэ эрчиэрээ төгсөнө гэдэгт итгэлтэй байна . Итгэл, урам гэдэг хамгийн хүчтэй. Би ч ирээдүйд хүүгээ урмаар хүмүүжүүлнэ.

              
                                                                                                                                    Б.Пүрэвдагва