Sunday, January 20, 2013

Төрийн хамгаалалтанд өнгөрсөн 3 цаг

      



         Эр хүн туг ч барина, Тугал ч хариулна гэж.....
         Миний бие үүрээр сархад үнэртүүлэн хүлэгээ жолоодсоор Баянзүрх дүүргийн газар нутагт Замын цагдаад баригдав. Дүрэм зөрчсөнөө мэдсэн ч замын цагдаатай үг хэлээ ололцож асуудлыг тэрүүхэндээ шийдэх санаатай буутал замын цагдаа нэлээд пээдгэр журмын хашаа, жолоо барих эрх тэргүүтнээр шалтгаглаж байгаад овоо хэдэн төгрөг салгаад авах санаатай байгаа нь анзаарагдав. Гэнэт зөрүүд зан хөдлөж ямар хэв журам байдаг юм тэрүүгээрээ шийд гээд хэлж орхив.
        Төд удалгүй ачигч машин ирж машин ачаад аваад явах нь тэр. Харин би төрийн дохиотой алаг машинд суун Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд ирэв. Үнэндээ бол би согтуу байгаагүй, үлээдэг  юмыг нь үлээгээд ч 0,5 гэсэн заалтанд хүрэхгүй тийм л байсан. Энд авчирж байгаа нь шар нь хүрсэн дэслэгчийн хийж байгаа ажил л даа. Уг нь суухгүй яваад өгөх боломж байсан ч ер нь нэг эрийн хугархай байна ямархуу газар байдгийг үзмээр санагдав. Олон үг ярилгүй халаасандах эд материалаа бүртгүүлэн Замын цагдаагийн дэслэгчээс Эрүүлжүүлэх байрны цагдаа нарт шилжиж төрийн хамгаалалтанд оров.
        Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байр 40 хүн хүлээн авах чадалтай аж. Нэг ээлжиндээ жижүүрт 4 цагдаа гардаг. 24-48 гэсэн цагийн зарчимтайгаар ажилладаг ч 4 цагдаа нь шөнөдөө бас 2, 2-оороо ээлжилж бие биенээ амраана. Арай ахиу цолтой цагдаа нь компьютерийн ард сууж чухам YOUTUBE сайтыг "гашраана". Чухам бүр үзэхгүй юм алга. Арай бага цолтой нь камеруудаа эргэнэ.
        Цагдаа ах ярьж байна: Бид ч тэгээд насаараа ийм маягтай амьдарсаар дуусах хүмүүс дээ. Цалин хангамж муу, дарамт ихтэй, ажлын нэр хүнд муутай. Цагдаа нар ингэж л байдаг гэсэн юм шиг бидэнд хандах юм байна шүү дээ. Салбарын дарга нар нь ажлын орчин нөхцөл мэдэхгүй хүмүүс ирэх юм. Яана даа гэж зовлонгоо хуваалцав.
        Нээрээ л харахад гялайж хиртсэн хар хослол, тааруухан өвлийн гутал, хэзээ угаасан нь мэдэгдэхгүй тослогтсон үс зэргээс нь өнгөц харахад ар гэрээ хэрхэн яаж авч болгодог болдоо гэсэн бодол төрөв.
        Төд удалгүй 3 камерийн нэг нь рүү нь намайг оруулав. Бүгдэнтэй нь мэндэллээ. 19-42 насны 7 сайн эртэй нэг камерт оров. Өглөөний 06 цаг өнгөрч байсан учир ихэнхи нь нойроо авч, гайгүй эрүүлжиж юм ярихтайгаа болцгоожээ. Би өмнө нь согтуу хүмүүсийг л эрүүлжүүлэхэд хонуулдаг юм байна гэж боддог байсан боловч хэд хэдэн залууг хараад тэр бодол минь өөрчлөгдсөн юм. Цагдаа нарын хувийн шийдвэрээр хэлс маягаар орж ирсэн нөхөд  бас нилээд байдаг юм билээ.
        Ороод нилээд ярилаа. Яаж байгаад орж ирсэн, юу хийдэг гээд л....

Эрүүлжигч 1:   26 орчим настай. Армийн ахлагч.

        Эхнэр хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Миний ойлгосноор бол нийтийн байр юм шиг байгаа юм. Сархад нижгээдийг хүртэж түрээсийн умгар өрөөндөө дуу дуулж байтал байрны эзэн эмэгтэй цагдаа дуудаад өгчихөж, "Намайг зүгээр дуулж байхад ингэж болохгүй" гэж  жаахан агсармаар аядтал "жүүлэх"-д аваад ирсэн гэж хөнгөхөн гунигтай инээмсэглэж бидэнд хэлэв. Үргэлжлүүлээд "өнөөдөр яанаа Портер аваад бараг очсон нь дээр байхдаа манай юмнуудыг гаргаад тавьчихсан байх, сар шинэ болох гэж байдаг, хүүхэд нялх" гэж дуугүй бодлогошрон суув.
       Манай үеийн залуучуудын хувьд орон байрны асуудал хамгийн хүндрэлтэй. Эр хүн байна даа гэр бүл зохиоё, хайртай бүсгүйтэйгээ сууж, олон хүүхдийн аав ээж болж өнөр өтгөн, аз жаргалтай амьдрая гэтэл авдаг цалингаа орон сууцны үнэтэй харьцуулаад үзэхэд гол харлам дүр харагдана. Нөгөө камертоны дуу байдаг ш дээ:
                          Халаасандаа мөнгөгүй явахад салхи хүртэл жихүүн
                           Хайртай ч гэж хэлж чадахгүй би гэдэг өчүүхэн....

Эрүүлжигч 2: 39 настай, Нарантуул захын хивсний тасгийн ажилтан

       Ах бол яалт ч үгүй гудамжинд тас үсрээд ороод ирсэн байгаа юм. 2 дахь эхнэртэйгээ одоо хамт амьдардаг. 2 охинтой. Хааяа хааяа балгачихдаг. Нүдэнд нь жаахан хулгайн хор гүйчихсэн, залуувтар атал нүүрэнд суусан үрчлээ, цөм үсэрсэн үүдний 2 шүд нь зүгээргүй амьдралыг нь харуулна.
      Энэ үеийн хүмүүс 2 системийн шилжилтэд хөл алдаж, ихэнхи нь хэцүүхэн амьдралтай байгаа нь анзаарагддаг. Гэхдээ ах зүгээр суудаггүй хөдөлмөрлөдөг нь таалагдсан.

Эрүүлжигч 3:    35 орчим настай, Дарханд ямар нэгэн ажил хийдэг.

           Хамгийн хэцүү фигур. Эхнэр хүүхдээ Улаанбаатарт орхиод Дарханд 5 сар ажиллачихаад ирэхэд эхнэр нь өөр хүнтэй суучихсан байсныг мэдсэн өдрөө тасартлаа уун "жүүлэх"-д надтай уулзсан нь энэ. 
            Эр хүний тийм нэг тунирхал, гомдол бас харуусал нэвт үнэртэж байлаа. Байсхийгээд л П үсгээр эхэлсэн хараал хэлэн, "яагаад вэ", "одоо яах вэ" гэж уулга алдана. "Би тэрийг нь одоо гараад алчихаад шоронгоор амьдарна" эсвэл "алчихаад амийг нь хорлоно" гээд л... Бас их цайлган ч юм хэлнэ: "Би Дарханд ажиллаж байхдаа үхэр "янзлаад" өвлийн идэш бэлдэж өгсөн тэрэнтэйгээ хамт идчихсэн байгаам даа" сонсоход жаахан инээдтэй ч, тэр хүнийг гэсэн сэтгэлийг уландаа гишгэсэн тэр эмэгтэй бас тэр 2 дахич эрийг дотроо үзэн ядаж суулаа. Бас бардам монгол эрийн хугархай, "Машинаа аваачиж өгөөд та 2 унаарай гээд өгвөл сүртэй юм уу" ч гэж хэлж үзэв.
          "Эр хүний  "тийм нэг" гомдсон сэтгэл...Хамгийн хүнд сонсогдсон нь ховорхон гаргадаг эр хүний нулимсаа дуслуулан "би дахиж хүн хайрлаж чадахгүй" гэж хэлсэн хэдэн үгс...
         5-хан сарын дотор 2 сайхан залуу хос салж байгаа нь харамсалтай ч энэ 2-ын дундаас төрсөн нэг бяцхан үрийн ирээдүй дэндүү хөөрхийлөлтэй...
         Хамгийн сайхан санагдсан нь тэнд байсан олон сайхан эрс хэсэгтээ анхаарлаа "эрүүлжигч 3" руу хандуулж хувь хувьдаа санаа зовнин өөрсдийн бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгч байлаа.
          Одоо энэ минь яаж явдаг юм болдоо.....


Эрүүлжигч: 4     25 орчим настай, Хувийн машинаараа "халтуур" хийдэг.

      Нөхөр найзтайгаа зодоон хийж байгаад хамт орж ирсэн. Найз нь бидэнтэй хамт байсан ч ганц үг ган хийдэггүй, "жүүлэх"-д орж ирсэндээ өөртөө харамсаад байгаа нь анзаарагдсан.  Нөхөр өөрөө бол их аманцар.
       Эхнэр хүүхэдтэй. Гэхдээ эхнэртээ тийм ч хайртай биш. Юунаас анзаарсан бэ гэвэл "эрүүлжигч 3"-ыг зовлонгоо ярьж байхад "манай "авгай" тэгээсэй тэгвэл би ёстой азны юм гээд л хаяад явна"  гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би "хүүхэдтэй юу" гэж асуухад "хүүхэдтэй" гэж хариулав. Ай хөөрхий нэг нь тэнд хайрт ханьдаа мэхлэгдэж тарчилж байхад нөгөө нь энд тээршааж байх гэж. Алдаж байж л ухаарна даа залуу минь гэж дотроо бодов.
      Анзаарахад эхнэртэйгээ их эрт суусан бололтой тэгээд л залхаж салахын хүслэн болсон юм уу даа гэж харагдав. Залуус минээ нэгэнт сонголтоо хийж дэр нэгтгэсэн бол өөр зүйл бодолгүй тууштай амьдарцгаагаарай. Ялангуяа үр хүүхэдтэй болцгоосон бол эв эе, үнэнч шударгыг хичээж үзээрэй та минь.

Эрүүлжигч 5:    25 орчим  настай,  Машины дугуй засдаг.

         Мань эр бол таксинд шээсэн гэмтэй, үнэндээ бол тасарчихсан л байсан юм билээ. Бид хэдийг хамгийн инээлгэсэн хүн. 
            Өглөө 9 цагийн үед эхнээс нь гаргаж эхэлж байхад камерийн төмөр торны дэргэд жижүүр цагдаа нэг эрийг дагуулж ирэнгүүтээ манай "шээдэг" эрийг дуудаж за нөгөө таксиний чинь жолооч ирлээ уулз гээд торны цаана үлдээгээд явав. Манай хүн босоод очтол нөгөө жолооч нөхөр "Таксины мөнгөө авъя" гэж авдаг байгаа. Бид нар наана саваад уначихсан. Ганц тамхи олоод татчих юмсан гээд сууж байсан эрүүлжүүлэхэд хоносон хүнээс юуг нь авахав дээ. Тэгээд өглөө 9 цагийн үед их хэрэг болгож ирсэн, жолоочийн гаргаж байгаа царай, үйлдэл зэрэг нь инээд хүргэж элэг хөшөөх шахав.

               Манайх хүн их сэргэлэн нөгөө жолоочид хэлж байгаа юм: Чи эхлээд хэдэн ширхэг тамхи авчирж өгөөд миний эрүүлжүүлэхийн 5000 төгрөгийг төлөөд гаргачих тэгээд би гараад өгье" гэсэн чинь гөнөөх жолооч "Үнэн үү? "  :)))))))


                   
                  гэх мэтчилэн янз бүрийн эрчүүдтэй өглөөг угтав. Сайхан зүйл ярилцацгааж, хоорондоо танилцаж хаана ч байхгүй тийм нэг муухай биш уур амьсгалыг үүсгэж цаг өнгөрч байгааг ч мэдэлгүй байсаар аль хэдийн 180 минутыг өнгөрөөжээ. Гарахдаа цагдаа нарт учирлаж байгаад үлдсэн хэддээ тамхи тариа, ус ундаа оруулж өгөв. Манай хэд бөөн баяр, хамгийн сайхан нь бүгдээрээ дараа ийм муухай газар уулзахгүй шүү, өөр сайхан газар уулзацгаая гэж манай нөхөд хэлэв. Тиймээ бүгд тус тусдаа бодсон санаснаа бүтээж, байж болох хамгийн сайхан газар эргээд баяртай уулзацгаая нөхөд минь ! 


                                                                                                                     Б.Пүрэвдагва