Thursday, June 9, 2011

90-ээд оныхон 4 /бариа/


         За бариа гэхээр гараа барианы бариа бишээ. Бараг энэ үгийг манай үеийнхэн мэдэх байх бас "цохио" гэж нэрлэх нь ч бий.
         Сургуульд дөнгөж ороод ирмэгц одоогийн хүүхдүүдтэй адил эцэг эх маань сургуульд ганган хээнцэр машинаараа хүргэж өгдөггүй байлаа. Өөдсийн чинээ биетэй нөхдүүд өөрөөсөө том цүнх үүрчихсэн л автобусанд чихэлдээд явдаг байлаа.


         Анх би  2000 онд 2-р ангидаа Улаанбаатарт шилжин ирж суралцахаар болж их хотын амьдралд бяцхан Пүрэвээ хөл нийлүүлэх болсон юм. 2-р ангийн хавар 4-р улирлын хичээлээ хаян Улаанбаатарт ирсэн билээ. Тухайн үед англи хэлний курс эд моданд орж байсан бөгөөд ээж минь намайг 10 настай байхад тухайн үеийн "Түгээмэл" төвийн англи хэлний дамжаанд бүртгүүлэн бяцхан Пүрэвээ нэгт: баахан ах эгч нартай англи хэл сурах , хоёрт: 1-р хорооллоос Сүхийн талбай хүртэл 3 сар ганцаар зорчих албан үүрэг авсан юм. Тухайн үед манай ах надад 26 номерийн автобусыг зааж өгсөн бөгөөд яг л 26 номероо хүлээж тэр л автобусандаа суудаг байлаа. Одоо бодоход нэг урт улаан автобус явдаг, би автобусны хамгийн урд цонхны наад талын бариулаас барин зам харан явах туйлын дуртай байсан. Тэнд л зогсвол учиргүй их хөөрөн, баясдаг байж билээ.

         Багын дурсамж сэргээд баахан өөр юм биччихлээ. Одоо гол сэдэв рүүгээ оръё. Дээр бичсэнчлэн хотод ирснээсээ хойш олон шинэ зүйлүүдтэй танилцсан юм. Миний анхны "бариулсан" газар бол нөгөө зогсох дуртай автобусны урд тал байлаа. Надаас 5,6 ах 3 хүүхэд намайг автобусны урд "буландчихаад" сүрдүүлэв.Гайхсан би "хармаандаа" бэлнээр авч явж байсан 2 ширхэг зуутын дэвсгэртээ өгөв. :) Энэ цагаас хойш за энэ хот гэдэг газарт их хэмжээний бэлэн мөнгөтэй явж болохгүй юм байна гэдэг ойлголттой болов. Өө тэгээд энд тэнд олон дуудуулсандаа. Нэгжих бол энүүхэн энд. Сүүлдээ мөнгө авч гарахаараа хүний олохооргүй газар хийж гардаг болов. Одоо бодоход жирийн нэг жаал өөрийн нийгэмдээ яг л шоронжсон байдлаар сэтгэж биеэ авч явдаг байж.  
        Олон юм үзсэний дараа нэг үр дүнтэй аргатай болов. Тэр бол зугтах байлаа. Би ч бас хөлийнхөө хурдаар олон зүйлийг гэтэлгэж байсан шүү. 
         Одоо чухам ямар байдгийг мэдэхгүй байна. Тухайн үед 10 орчим насны хүүхэд мэдэхгүй хороолол, гудамж, өөр дүүрэгт ганцаар болон найзуудаараа явахад тун хэцүү байсан. Миний санахын "золбин" хүүхэд гэж нэрлэдэг хүүхдүүд маш их байсан. Харин одоо чухам хаачсан юм харагдах нь цөөн болжээ. 
         За тухайн үеийн алдартай бариа, цохионы газрыг нэрлэвэл : "10-р хороолол болон 3,4-р хорооллын хооронд оршдог далан" за энэ бол номер 1 бүс цаашлаад Сансарын тунель, Хүүхдийн парк эдр бол бас л хэцүү газрын нэг байлаа. Ээж аавтай, ах эгчтэйгээ л явахгүй бол ер нь хэцүүдээ. 
         Бултаж, зугтаж,нэгжүүлж явсаар эр хүн өсч эсгий сунадаг юм байна. 5-р ангид ордог жилээс хойш ерөнхийдөө "бариа"-ны обьект болохоо байсандаа. 
        
                                                                                 Б.Пүрэвдагва

3 comments:

  1. Хамгийн хэцүү газар Сарны титэмийн тэр хавь даа(зүрхэнд шар ус хуруулсан юм даг) :D

    ReplyDelete
  2. Одоо бодоход нэг урт улаан автобус явдаг, би автобусны хамгийн урд цонхны наад талын бариулаас барин зам харан явах туйлын дуртай байсан. Тэнд л зогсвол учиргүй их хөөрөн, баясдаг байж билээ. Ene chin Khishgee bid 2iin tuuhtei ysan ih taarch bn ve, saihan bichleg boljee

    ReplyDelete