Sunday, April 24, 2011

С.ХАНТИНГТОН “ИРГЭНШИЛ ХООРОНДЫН МӨРГӨЛДӨӨН” “АЗИ АМЕРИКИЙН ХҮЙТЭН ДАЙН” /шүүмж/

Самуэл Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номныхоо “Ази Америкийн дайн” хэмээх энэ хэсэгтээ бүх л бүтэн тивийг 1 улсын эсрэг сөргүүлэн тавьж, хоорондын харилцааны зөрчлийг олон талаар батлан бичсэн байх. Хамгийн түрүүнд  2 асуулт гарж ирэв.
1.      Ази тивд нийтдээ 37 тусгаар тогтносон улс оршдог. Энэ том тивийг 1 улстай адилтган үзэж хоорондын харилцааг хэрхэн тодорхойлж байна вэ?
2.      Ази тивийн 37 улсыг яагаад 2, 3хан улс орон төлөөлж байна вэ? Үлдсэн улсууд нь Ази тивийн бусадтай харьцах харилцаанд ямар нөлөөтэй вэ?
гэсэн 2 асуулт байлаа.
            Хүйтэн дайны хувьд Зөвлөлт Орос ба Америкийн Нэгдсэн Улсын хүйтэн дайн гэж сонссон боловч Ази Америкийн хүйтэн дайн гэж урьд өмнө огт сонсож байсангүй. Зохиогч яагаад хүйтэн дайн гэж томьёолсоноо хэрхэн баталсныг удахгүй бичнэ.
            Цаг хугацаа нь 20 дугаар зууны сүүлч буюу 1980-аад оноос хойш одоо үеийг хамруулан бичсэн байна.
Жирийн ард иргэдэд Ази Америкийн хүйтэн дайн гэвэл хэзээ ч бууж ирэхгүй,  ялангуяа дэлхийн II дайнаас хойш гэвэл бүр ч төсөөлөгдөхгүй биз. Вьетнамын дайныг дурьдаж болох ч Самуэл Хантингтон тэс өөр зүйлийг, ялангуяа бидэнд бодитойгоор харагдахгүй далд явагддаг Их гүрэн болон манай тив 2-ын хоорондын харилцаанд 1980-аад оноос хойш болсон олон шийдвэр, гэрээ, кейс, жишээнүүд дээр тулгуурлан бичсэн байна.
/Азийн тэргүүлэгч орнууд болох Япон, Хятад улсууд Ази тивийн харилцааг төлөөлөнн Олон Улсын харилцаанд голлон оролцож тодорхойлсоор иржээ./[1]
Америк-Япон
            1990-ээд оны эхээр Япон Америкийн харилцаа улам бүр хурцдаж нэлээд өргөн хүрээтэй асуудлаар тухайлбал, Персийн булангийн дайнд Японы үүрэг, Япон дахь Америйн цэрэг, Хятад ба бусад орон дахь хүний эрхийн талаар АНУ-ын тавьдаг бодлого, энэ талаархи Японы байр суурь, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Японы оролцоо, хамгийн гол нь эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдааны асуудлаас болж үлэмж буурчээ.Худалдааны дайнтай холбогдох асуудал бүр утга учраа алдав. [2] Тухайлбал Японы эсрэг худалдааны илүү хатуу хориг тавих эрх олгосон захирамжид 1994 оны 3-р сард Ерөнхийлөгч Клинтон гарын үсэн зурмагц Япончууд төдийгүй дэлхийн худалдааны гол журмыг тогтоогч байгууллага-тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удирдлагын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүний дараа засгийн газрын контракттай ажиллаж байсан америкийн компаниудыг алагчиллаа хэмээн АНУ-Японыг албан ёсоор буруушаав.1995 оны хавар Клинтон Засаг Захиргаа гэрээгээ зөрчин Японы тансаг автомашинд ноогдуулах татвараа 100 хувь болгонон хэмээн заналхийлж, шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэгжүүлнэ гэв. Үйл явдал 2 орны хооронд худалдааны дайн эхэлжээ гэдгийг яалт ч үгүй ойлгуулав. 1990-ээд оны дунд үе гэхэд харилцан дайрч давшлах явдал хэрээс хэтэрч, АНУ-ын цэргийг Японд байлгах эсэх дээр японы улс төрийн хүрээнийхэн асуудал босгож эхэлжээ. 
            Энэ жилүүдэд дээрхи 2 оронд бие биеэ үл таашаах явдал олон нийтийн дунд газар авах болов. 1991 он бол Хүйтэн дайны өмнөх хэв загварыг гэдрэг хаясан, олон нийтийн үзэл бодолд эргэлт гарсан жил байлаа. ЗХУ-ын оронд дээрхи 2 улсын өмнө шал өөр дайсан гарч иржээ. Америкийн аюулгүй байдалд заналхийлдэг орнуудын жагсаалтын эхэнд анх удаа америкчууд ЗХУ-ын өмнүүр Японыг оруулж, Япончууд анх удаа АНУ-ыг ЗХУ-аас илүү Японы аюулгүй байдалд заналхийлдэг гэж үзжээ.[3]  Энэ үзүүлэлт нь бидний дээр дурьдсанчлан Хүйтэн дайн гэж хэлэхэд хангалттай хэмжээнд хүргэж байгаа юм.
АНУ-Хятад
            АНУ-аас Хятадтай тогтоосон харилцаа 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр улам бүр дайсагнасан шинжтэй болж иржээ. 1991 оны 9-р сард Дэн Сяопиний тэмдэглэсэнчлэн хоёр орны хоорондын мөргөлдөөн “Шинэ хүйтэн дайн” болж, энэ санааг хятдын хэвлэлүүдээр байнга давтаж байв. 1995 оны 8-р сард Ерөнхийлөгч Зянь Зэминь “Өрнийн дайсагнагч хүчнүүд манай орныг өрнөжүүлж, “хуваах” санаархлаа орхиогүй байна” гэв. Хятдыг нутаг дэвсгэрийн хувьд хувааж, Хятдыг улс төрийн хувьд нурааж, стратегийн талаар тогтоон барьж, эдийн засгийн хувьд ялахыг” АНУ санаархаж байна гэдэг дээр 1995 он гэхэд Хятадын төрийн зүтгэлтнүүд болон эрдэмтдийн нэгдмэл санаа бодол бүрэлджээ.[4]
Эдгээр буруутгал үндэстэй юм. Тайванийн Ерөнхийлөгч Ли Дэнхуйг АНУ-д зочлохыг АНУ зөвшөөрсөн, Тайваньд F16 онгоц 150-г худалдсан, Түвдийг “Эзлэгдсэн бүрэн эрхт нутаг дэвсгэр” гэж нэрлэсэн, хүний эрх зөрчлөө хэмээн Хятадыг буруушаасан, Бээжинг 2000 оны Олимпын наадмын нийслэл болоход нь саад хийсэн. Вьетнамтай харилцаагаа хэвийн болгосон, Иранд химийн зэвсгийн эд анги экспортолсон хэмээн Хятадыг буруушаасан, Пакистанд пуужингийн техник худалдсаных нь төлөө Хятадад худалдааны хориг тавьсан, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь саад учруулан эдийн засгийн хориг нэмж тавина хэмээн заналхийлсэн гэхчлэн гомдохоор зүйл зөндөө байв. Талууд бие биеэ хэрцгийгээр дайрч, тухайлбал америкчуудын үгэнд итгэх юм бол Хятад нь пуужингийн техникийн экспортын тухай хэлэлцэн тохирсноо үл биелүүлэн, оюуны өмчийн эрх зөрчин, шоронгийн ялтнуудыг хөдөлмөрт зүтгүүлж, хятадуудынхаар бол АНУ нь Ерөнхийлөгч Ли-ийг эх орондоо зочлохыг зөвшөөрч, Тайваньд орчин үеийн сөнөөгч онгоц нийлүүлэн хэлэлцэн тохирсноо зөрчсөн гэнэ.
            1993 онд америкчууд өөрсдөд нь хамгийн их аюул учруулах улс орнуудын дотор Ираны дараа Хятадыг хоёрдугаарт нэрлэжээ.
            Ийнхүү АНУ-аас Япон,Хятадын аль алинтай нь тогтоосон харилцаа 10 жилийн турш уруудав. Энэ хувиралт Ази-Америкийн харилцааг өргөн хүрээнд хөндсөн ба автомашины сэлбэг, зургийн аппаратны арилжаанаас авахуулаад цэргийн баазаа хадгалах, тэрс үзэлтнүүдийг гянданд хорих, зэвсэг дамжуулах  , оюуны өмч хулгайлах хүртэл эрх ашгийн бүхий л мөргөлдөөнөөс түүний шалтгааныг тогтоож болохоор байв.
            Хэдий зохиогч Ази Америкийн харилцааны хүйтэн уур амьсгалыг эдийн засаг, улс төрийн хувьд баталсан ч хамгийн гол учир нь Ази Америкийн гол үндсэн ялгааг өөрчлөгдөн буй олон улсын шинэ нөхцөл байдал босгож ирсэн юм. Хамгийн нийтлэг түвшинд төрийн үнэ цэнэ, шатлан захирах иерархи ёс, хувь хүний эрх хийгээд хувийн эрх ашгийг захирах ёс, зөвшилцөлд хүрэхийн ач холбогдол, зөрчлөөс зайлсхийх, “нэг нүүртэй” байх, ерөнхийдөө төр нь нийгмээс дээгүүр, нийгэм нь хувь хүнээс дээгүүр гэдэгт Азийн олонхи оронд дэлгэрсэн Күнзийн сургааль онцгой ач холбогдол өгдөг. Тэгвэл эрх чөлөө, тэгш байдлын идеал, ардчилал, индивидуализмыг эрхэмлэдэг сэтгэхүй давамгайлсан Америкийн нийгэмд азийнхний ийм хандлага хурцаар туссан нь гарцаагүй.  Засгийн газартаа итгэдэггүй, төрийн эрх мэдлийн эсрэг зогсдог, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын харилцан хамаарал, харилцан хязгаарлалын зарчим, өрсөлдөөнийг хөхиүлдэг, хүний эрхийг дээдэлдэг болон өнгөрснийг мартаж ирээдүйг үл ойшоон одоогийнхоо зорилгыг илүүд үздэг америкчуудын тэр хандлага азийнхтай зөрчилддөг бөгөөд мөргөлдөөний уг сурвалж ийнхүү нийгэм ба соёлын суурь ялгаанаас үүдэлтэй хэмээн зохиогч тодорхойлжээ. Самуэл Хантингтон 80-аад оноос хойш  Ази Америкийн хооронд болсон үйл явдлууд дээр эхэндээ дүн шинжилгээ өгч хангалттай таамаглалаа баталсан ч зохиогчийн хэлэх гээд байгаа гол зорилго бол иргэншил, соёл хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй гэдгийг дээр дурьдсанчлан баталсан нь юм. 




Ашигласан материал
-       Самуэл Хантингтон. Иргэншил хоорондын мөргөлдөөн, Ази-Америкийн хүйтэн дайн хуудас 246-256


[1] Economist, 26 june 1993, p75
[2] David Rowe, Trade Wars and international Security , pp.7ff
[3] New York Times, 6 July 1993. P. A1. A6
[4] New York Times, 21 August 1995, p.A2

No comments:

Post a Comment