Wednesday, April 20, 2011

Монголын улс төрийн намуудын төлөвшлийн зарим асуудал


 /Энэ жил улс төрийн салбарынхаа оюутны эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн илтгэлээ орууллаа/
Орчин үеийн ардчиллыг намуудгүйгээр төсөөлөх аргагүй. “Орчин үеийн ардчилал нь намуудын ардчилал юм.”[1]
          Монголын ардчиллын төлөвшил нь намуудын төлөвшлөөс ихээхэн хамааралтай. Манай улсын хувьд улс төрийн намын эрх зүйн байдлыг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Улс төрийн намын тухай хууль”, сонгуулийн тухай хуулиудаар тодорхой зохицуулсан. Олон намын систем төлөвшөөд 20 жил болох хугацаанд нийт 26 улс төрийн нам байгуулагдсанаас 9 нь татан буугдаж өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 17 нам байна.[2] Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн юм. Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Орон нутгийн хурлын ээлжит 15 сонгууль болж өнгөрснөөс Монгол Ардын Нам, Ардчилсан Нам -аас гадна ердөө 5 улс төрийн нам УИХ, Орон нутгийн хурлуудад ямар нэгэн хэмжээгээр төлөөллөө сонгуулж байжээ.[3] 
Монгол дахь улс төрийн намууд нь ерөнхийдөө өмнөх тогтолцооноос уламжлагдсан удирдлага зохион байгуулалтын шаталсан, нүсэрдүү бүтэц, гишүүнчлэлийн хатуу зарчим, дэргэдээ төрийн бус байгууллага байгуулах зэргээр нэг нэгнээ хуулбарлан төлөвшсөн.
Харин намын хэв шинжийн хувьд МАН, АН -уудыг “кадрын нам”, “олон түмний нам”, “өргөн хүрээний нам”-ын завсрын хэв шинжтэй гэж үзэж болох бол зарим жижиг намууд нь кадрын, зарим нь зөвхөн эрх зүйн шалгуураар л нам гэж тооцож болохоор төвшинд байна. Намуудын төлөвшлийг:
1.    Үзэл баримтлал
2.    Бүтэц, зохион байгуулалт
3.    Санхүүжилтийн механизм
4.    Нийгэм, олон нийтэд нээлттэй харилцах
5.    Нийгмийн өмнө хариуцлага хүлээх зэрэг хэмжүүрээр авч үзэж болно. Дээрх байдлаар авч үзвэл:

1.    Үзэл баримтлал

Үзэл баримтлалын хувьд анхлан дээрх 17 намаас Зүүний 1(Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам), Зүүн төвийн 4 (МАН, Эх орон нам, МСДН, МНН), Барууны 3(АН, МЛАН, МЛН), Баруун төвийн 3 (ИЗН, БНН, Иргэний хөдөлгөөний нам, ), Төвийн 3(МУНН, МЭҮНН, ҮШН), үзэл баримтлал нь тодорхойгүй 3(Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ард түмний нам) нам байсан бол ядуурал, ажилгүйдэл ихэссэн шилжилтийн үеийн онцлогоос шалтгаалж намууд сонгогчдод таалагдах, санал авах үүднээс зүүний болон зүүн төвийн намын бодлого, хөтөлбөрүүд дэвшүүлэн сурталдах нь элбэгшсэн. Ингэснээр намуудын үзэл баримтлал нэлээд туйлбаргүй болж, иргэдийн хувьд ялгаж салгаж ойлгоход ихээхэн хүндрэлтэй болсон.
Хүснэгт.1
Намуудын нэрс
Үзэл баримтлал
1
Монгол Ардын Нам
Зүүн төвийн
2
Ардчилсан нам
Барууны
3
Монголын Ногоон нам
Зүүн төвийн
4
Иргэний Зориг нам
Баруун төвийн
5
Монголын Уламжлалын Нэгдсэн нам
Төв
6
Монголын Либерал Ардчилсан Нам
Баруун
7
Эх Орон нам
Зүүн төвийн
8
Монголын Либерал Нам
Барууны
9
Бүгд Найрамдах Нам
Баруун төвийн
10
Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн Нам
Төв
11
Монголын Социал Демократ Нам
Зүүн төвийн
12
Ард түмний нам
Тодорхойгүй
13
Үндэсний Шинэ Нам
Төв
14
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
Зүүний
15
Иргэний хөдөлгөөн нам
Баруун төвийн
16
Хөгжлийн Хөтөлбөр Нам
Тодорхойгүй
17
Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
Тодорхойгүй



Хүснэгт.2
Үзэл баримтлалын чиглэл
Намын тоо
1
Зүүний
1
2
Зүүн төвийн
4
3
Барууны
3
4
Баруун төвийн
3
5
Төв
3
6
тодорхойгүй
4

нийт
17
/Хүснэгтийг хийхдээ:
1. Тухайн нам өөрийнхөө үзэл баримлалыг хэрхэн тодорхойлсон
1.    Намын мөрийн хөтөлбөр
2.    Тодорхойгүй намууд руу утасдаж болон, гишүүд ажилчидтай нь уулзаж үзэл баримтлалыг нь тодруулсан болно./


3.    Бүтэц, зохион байгуулалт

Бүтэц, зохион байгуулалтын хувьд намууд гишүүнчлэлээ нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд намын байгууллагуудаа байгуулан, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулахыг оролдож байсан ч энэ нь ихээхэн зохион байгуулалт, боловсон хүчний нөөц, хөрөнгө санхүү шаардлагатай тул МАН, АН, ИЗН (тодорхой хэмжээнд) - уудаас бусад нь хэрэгжүүлж чадаагүй. Харин гишүүнчлэлийн тоогоор уралдах хандлага нийт намуудад бий болсон. Намуудын 2008 онд Улсын Дээд шүүхэд ирүүлсэн гишүүдийн тооноос үзвэл Монгол улсад 584.592[4] намын гишүүн байжээ. Энэ нь намууд гишүүнчлэлийн шалгуураа сулруулж, иргэдийг кампаничлан элсүүлэх болсонтой холбоотойгоор бий болсон зохиомол өсөлт байх магадлалтай. Улмаар энэ нь аль ч намд ялгаагүй намын гишүүдийн чанар, намын байгууллагын чадавхи, намын үйл ажиллагаа, нэр хүндийг нь сулруулах хүчин зүйл болж монголын нийгмийг намын гишүүнчлэлээр талцах байдалд хүргэсэн. Харин гишүүдийн тоо олон байх (зохиомлоор өсгөх) нь сонгуульд амжилттай оролцох шалтгаан биш гэдэг нь сонгуулийн дүнгээс харагдаж эхэлсэн.

4.    Санхүүжилтийн механизм
Монголын намуудын санхүүгийн нөөц чадавхи ялгаатай. Нөлөө бүхий томоохон намууд болох МАН, Ардчилсан намын хувьд бусад жижиг намуудтай харьцуулахад давуутай, тэгэхдээ олон арван жил оршин тогтносон МАН-ын хувьд бүр ч илүү юм. Энэ нь манай намуудын санхүүгийн өрсөлдөх чадвар адилгүй тэр ч байтугай бүр тэнцвэргүй болохыг харуулж байна.[5]
Санхүүжилтийн хувьд амьдралын төвшин доогуур байгаагаас гишүүд татвараа төлөх сонирхолгүй болсон, нөгөөтэйгүүр байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулахад хуулиар заагдсан санхүүжилт нь хүрэлцэхгүй байгаа нь аль ч намд тохиолдож буй хүндрэл юм. Тиймээс ихэнх намууд мөнгөтэй хүнд түшиглэх болсон нь эргээд санхүүгийн хараат болох, намын нэр хүндийг унагасан үйл ажиллагаануудад холбогдох үндсэн шалтгаан болж байна.

5.    Нийгэм, олон нийтэд нээлттэй харилцах

Нийгэм, олон нийтэд нээлттэй байх нь орчин үеийн улс төрийн намын голлох шинж юм. Манай намууд олон түмний нам байх зорилтууд дэвшүүлж, ихэнх тохиолдолд гишүүд дээрээ тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг нь нийгэмд сөрөг ойлголт төрүүлдэг. Намын гишүүнчлэлийн тоо ихсэх тусам энэ байдал улам их анзаарагддаг ба гишүүдээ сургах, идэвхижүүлэхэд үйл ажиллагаа, боловсон хүчний нөөцийн ихэнх нь зориулагдаж байна.
Сүүлийн үед сонгууль дөхсөнтэй холбоотойгоор МАН- Ард түмнээ сонсоё аян, АН- Монгол хүн 2020 гэх уулзалт хэлэлцүүлгүүдийг орон даяар хийж байна.  Эндээс харахад монголын намууд олон нийттэй нээлттэй харилцах, тэдний санаа бодлыг авах тал дээр зөвхөн сонгуулийн эргэн тойронд хэлбэрийн шинжтэй хийж байгаа бөгөөд сонгуулиас бусад хугацаанд энэ тал дээр туйлын дутагдалтай байгаа тал ажиглагдаж байна.



6.    Нийгмийн өмнө хариуцлага хүлээх
Улс төрийн намын мөн нэг чухал шинж нь нийгмийн өмнө үүрэг хүлэх явдал юм. Энэ нь парламентад суудалтай намуудад голчлон хамааралтай. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улс орныг зөв замаар удирдах, ард иргэдийн амьдралын төвшин, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг төрийн үүрэг хариуцлагыг нийт ард иргэдийн өмнө хүлээдэг. Одоогоор энэ шалгуурыг МАН болон АН бусдаасаа илүү хангасан ч, нийгэмд гарч буй сөрөг үр дагаваруудын өмнө мөн хариуцлага хүлээх тал дээр дутагдалтай байсаар байна. 
           Дүгнэлт


МАН

АН
Иргэний зориг, Ногоон нам
1
Бүтцийн хэлбэр
Шууд бүтэц
Холимог
Шууд бүтэц
2
Бусад элемэнтүүд ба нэгдсэн бүтцийн хамаарал
Босоо холбоос
Холимог
Босоо холбоос
3
Намын гишүүнчлэл
Хатуу
Хатуу
Хатуу
4
Нийгмийн төлөөлөл
Тогтсон дэмжигчидтэй
Тогтсон дэмжигчидтэй
Бага
5
Удирдлага
Төвлөрөл их
Төвлөрөл их
Лидер дагасан
6
УИХ дахь давамгайлал
Их
Их
-
7
Намын санхүүжилт
-Гишүүний татвар хандив
-Төрийн санхүүжилт
Гишүүний татвар хандив
-Төрийн санхүүжилт
Гишүүний татвар хандив
-Төрийн санхүүжилт
8
Сонгуулийн компаний хэв маяг
Уламжлал агуулсан модерн
Модерн агуулсан уламжлалт
Модерн агуулсан уламжлалт
9
Төлөвшиж буй хэв маяг
Олон түмний нам
Өргөн хүрээний зарим шинжийг агуулсан олон түмний нам
Кадрын намын зарим шинжийг агуулсан олон түмний нам

Монголын улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагааны зохих туршлага хуримтлуулж алдаа оноон дээрээ суралцан төлөвшин бойжих өсөлтийн үеийнхээ нэлээд хэсгийг туулсан нь тодорхой боловч улс төрийн нам хэмээх бүхэл бүтэн амьд организмын хувьд бүрэн төлөвшин цэгцэрч амжаагүй байна. Үүнтэй уялдан дүгнэхэд монголын өнөөгийн намуудыг “лидер тойрсон сонирхлын бүлэг” аль  эсвэл төлөвшиж гүйцээгүй намууд гэж хэлж болно. 1990 оны эхэн буюу ардчиллын үйл явцын өрнөлтийн төвөгтэй үед монголын улс төрийн шинэ намууд нь тодорхой нэр хүнд бүхий лидер тойрсон бүлэглэл маягтай байсны улмаас зүтгэлтэн-удирдагчийн шинж бүхий нам байснаа 1990-д оны сүүлээс эхлэн Монголын намуудын хэв шинжид аажим өөрчлөлт гарч үзэл суртал- улс төрийн өвөрмөц үнэлэмжид суурилсан хэв шинж бүхий нам болон төлөвших хандлагатай байна.


Ашигласан материал
1.    Д.Болд-Эрдэнэ. “Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшил, УБ.,2008.
2.    М.Энхсайхан. “Орчин үеийн улс төрийн намууд”, УБ., 1996.
3.    Д.Болд-Эрдэнэ. “Монголын намуудын санхүүгийн чадвар, нам дахь авлигын түвшин” , Политологи 2011 №348.
4.    G.Sartori. Parties and Party systems.London, 1976.
5.    Duverger M. Political Parties. London., 1970.
6.    W.Phillips Shively. “Power and choice”, Boston., 1997.
7.    Монгол Улсын дээд шүүх   http://www.supremecourt.mn/
8.    Сонгуулийн Ерөнхий Хороо http://www.gec.gov.mn/




[1] Жозеф А.Шумпетер “Капитализм, социализм, ба ардчилал”, Р.Даль “Ардчилал ба түүний шүүмжлэл”
[2]  Улсын дээд шүүх   http://www.supremecourt.mn/

[3] Сонгуулийн Ерөнхий Хороо http://www.gec.gov.mn/

[4]  Улсын дээд шүүх   http://www.supremecourt.mn/
[5] Д.Болд-Эрдэнэ, “Монголын намуудын санхүүгийн чадвар, нам дахь авилгын түвшин” , Политологи 2011 №348., 72-р тал

No comments:

Post a Comment