Friday, April 15, 2011

Анхны бороо

      
          Анхны бороог олон хүн хүлээдэг. Яагаад гэдгийг би өнөөдөр мэдлээ. Яг одоо үүрийн 04 цаг 43 минут болж байна. Найзуудтайгаа хэдэн шил мулталж, амьдрал, ертөнцийн талаар сэтгэлгээ ухаанаа уралдуулан хуучилж, учиртай үгс хэлэлцэн, уянгат сайхан дууг дуулцгааж цэнгэсээр үүр хүргэн харихаар гарж иртэл хувьтай хүмүүс хур борооноор гэгчээр анхны бороо аажим аажимаар дусалж эхлэх нь тэр. 
         Нүүрэн дээр минь чад чад дуслан, 9, 10н  сараас хойш үнэртээгүй чийг үнэртэж, замаар явж байгаа машинууд усан дээгүүр давхилах нь зуны үдшийг санагдуулам сайхан санагдлаа. Гудамжны гэрэлд бороон дуслууд харагдан, хотын зам харгуй тэр чигээр гялалзан харагдах нь зүүдэлж байгаа мэт.
          2011 оны анхны бороо 4-р сарын 16-ны 03 цаг 13 минут хавьцаа орлоо. Намайг 4 замаас ТБД андууд хүртэл гэрийн зүг алхах замдаа найзтайгаа борооны талаар ярьж магтах тусам анхны залуухан бороо жаахан хүүхэд үгэнд хөөрөн баясдагтай адил дуслуудынхаа тоог улам нэмэн бараг намайг норгочихлоо. 
            Хувьтай хүн хур борооноор гэдэг. Төсөөлшгүй сайхан уур амьсгал, тэр мэдрэмжийг мэдэрсэндээ баярлан гэртээ орж ирэн унталгүй хэдэн үгс холбож бичиж суугаа нь энэ. Анхны бороо үзэсгэлэн төгөлдөр байлаа. Ингээд нойрсоё доо...

2 comments:

  1. Хүлээсэн. Гэхдээ нойрсож байх хооронд минь орчихжээ. Уулзахыг хүсээгүй байх :(

    ReplyDelete
  2. Сайхан байсааан... Хувьтай хүмүүс хурнаар... :)

    ReplyDelete