Thursday, October 28, 2010

Намар 1

     Ажлаа хийж байх зуур Намар-н талаар бодол орж ирэв. Хамгийн уйтгартай улирал....би намарт дургүй.

     Намарт дургүй болсон шалтгаан нь бүр балчир байхаас үүдэлтэй. Намайг бага байхад эцэг эх маань аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 20 км-н зайд Жуулчины баазтай байлаа. Зун хөгжөөн, хөл ихтэй сайхан өнгөрч уйдах завгүй байдаг байлаа. Намар болоод ирмэгц жуулчид, хотоос зочлогсдын хөл тасарч дээрээс нь жуулчны баазын ихэнхи ажилчдыг сумын төв рүү буцаачихна. Баазын ажилчид буцахад зуны турш хамт тоглосон найзууд маань эцэг эхээ дагаад намайгаа орхиод однодоо. Тэр үед миний бие сургуульд ороогүй байв. Баазын ажилчдыг суулгасан машин сумын төв рүү хөдлөхөд араас нь гүйчихмээр санагддаг байж билээ. Тэгээд ганц ч найзгүй хоцорсон би уйтгарлана гэж жигтэйхэн. Хэдий энэ байдал 9 сарын сүүлээс 10 сарын сүүл хүртэл үргэлжилдэг боловч туулаад баршгүй их хугацаа шиг санагддаг байв. Бас л муухай шүү. Зун шуугилдаж, баярлаж хөөрч тоглодог голын эргээр алхахад хааяа нэг морь янцгаах, үхэр мөөрөх дуу сонсогдоно. Ёстой л нэг хүний мөрөөсөл  болдог байждээ...

Wednesday, October 27, 2010

Аавын надад зориулж бичсэн шүлэг

Санаа бодолдоо итгэж
Саадыг давж давшиарай
       Шудрага үнэний төлөө
       Шуурга сөрж зүтгээрэй
Төгс үзлийхээ төлөө
Түймрийн гал шиг дүрэлзээрэй
       Үнэнч ханиа түшиж
       Үйлс ажлаа бүтээгээрэй
Оргилсон хүсэл эрмэлзлэлээрээ
Олон түмнээ дагуулаарай
        Оюун ухаанаа уралдуулж
        Оргил өндрийг эзлээрэй
                                         О.Бяруузана \миний аав\

Saturday, October 23, 2010

Миний блог

     Блог гэж юу вэ? Яах гэж нээдэг талаар олон зүйл бичсэн байдаг....Миний хувьд 2 блог нээж түүнийгээ блог утгаар нь хэрэглэж чадалгүй тоосонд дарагдуулж орхисон.Одоогоор тэр 2 нөгөө хойд "пин"-д байгаа гэдэг шиг хэрэглэгдэхээ больжээ.Шалтгаан нь цаг зав дээрээс нь сэтгэл дутагдсан байх. Хашилтанд хэлэхэд учир, шалтгаан, үнэ цэнийг нь ойлгоогүй байсан гэж хэлж болно.
    Хүмүүс блогтоо төрөл бүрийн зүйлийн талаар янз бүрийн зорилготой бичдэг. Өөрийн сонирхлын дагуу гайхалтай сайхан зүйлийг бичдэг хүн байхад хэнд ч хэрэггүй мэдээллийг цуглуулж бусдыг татах эрмэлтэй хүн бас байна. Аливаа зүйл эрх ашиг, сонирхлын дагуу хийгдэх ёстой. Тийм ч учир хүн аливаа зүйл дээр рационал байх хэрэгтэй. Миний хувьд өөрийн дотоод хүнтэйгээ ярилцдаг яриаг , өөрийн сонирхдог зүйлийг , шүүмжилдэг зүйлээ, хэлэхийг хүссэн зүйлээ, тэмдэглэлийн дэвтэртээ халтардуулан бичдэг өдөр тутмын тэмдэглэлээ энд бичгээр буулгах болно.
   Хэнд зориулж бичиж байна гэхээр өөртөө... гол уншигч нь би...бичигч нь ч бас би өөрөө...Харин миний бичсэн зүйлийг унших нь хэнд ч хаалттай биш..танд хэрэг болвол тэр л биз..учир нь та рационал учир...
    За ингээд миний 3 дахь..."Пин"-д байгаа 2-г эс тооцвол анхны блогийн эхний хуудас энэ бичлэгээр нэмэгдэж байна...